Л.Оюун-Эрдэнийг МАСЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгов

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнийг МАСЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгов

МАСЗХМонголын Ардчилсан социалист залуучуудын холбооны дөрөвдүгээр их хурал болж,  МАХН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн Л.Оюун-Эрдэнэ 100 хувийн саналаар холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Мөн тус хуралдаанаар гишүүд холбооныхоо нэрийг Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо болгон, өөрчилсөн юм.

Л.Оюун-Эрдэнэ нь 1980 онд төрсөн, МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн юм байна. Тэрбээр холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа дараах зургаан ажлыг хийнэ гэдгээ мэдэгдэв.

1. Холбооны нэр өөрчлөгдөж байгаа учир байгууллагын тунхаг бичиг, далбаа, үнэт зүйлсээ шинэчлэх хэрэгтэй.

2. Нийгэмд ямар асуудал тулгамдаж байгааг, залуучуудын сэтгэл санааг юу хамгийн ихээр зовоож байгаа тухай хэлэлцэж шийдвэрлэх.

3. Залуучуудад хамгийн ихээр хэрэгцээтэй байгаа сургалтын төвтэй болох, залуу, дунд, ахмад үеийн харилцааг сайжруулж, туршлага солилцох үйл ажиллагааг явуулах.

4. Сонирхлын клубууд руу үйл ажиллагаагаа чиглүүлж, гишүүнчлэлээ нэмэгдүүлэхэд тодорхой төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлэх. Гадаад орнуудад сурч ажиллаж байгаа залуучуудтай харилцаа холбоогоо өргөтгөж төлөөлөгч бий болгох.

5. Хэвлэл мэдээллийн байгууллагатай нягт хамтран ажиллаж, олон нийтэд илүү ойртох.  Цахим хуудас болон, асуудал дэвшүүлсэн нэвтрүүлгүүдээр өөрсдийгөө таниулах.

6. Холбооны сан хөмрөгийн бүтцийг сайжруулж, залуучуудад зориулсан тэтгэлэг, тусламжийг нэмэгдүүлэх гэж хэлсэн юм.
Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны дөрөвдүгээр их хуралд хот, хөдөөгийн 500 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд тэд 60 мянган гишүүнийг төлөөлөн, Л.Оюун-Эрдэнийг ерөнхийлөгчөөрөө сонгов. Уг нь энэ тушаалд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт, О.Содбилэг нар өрсөлдсөн ч шинэ ерөнхийлөгч залуучуудаасаа хамгийн өндөр оноо авлаа.
 
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж