Статистикийн танилцуулга гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Статистикийн танилцуулга гарчээ

2010 оны есдүгээр сарын 15-ны байдлаар Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрт худалдаалж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг өмнөх сар болон өмнөх долоо хоногтой харьцуулсан танилцуулгыг Үндэсний статистикийн газраас гаргасан байна.

Махны үнэ буурсаар байна

Есдүгээр сарын 15-ны байдлаар хонины махны үнэ өмнөх наймдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 8-8.3 хувь, үхрийн махны үнэ 5.7-6.4 хувь, адууны махны үнэ 10.5 хувь, ямааны махны үнэ 9.9 хувиар тус тус буурчээ. Харин өмнөх долоо  хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 1.2-1.4 хувь, үхрийн махны үнэ 0.9-1.1 хувь,  адууны мах 4.3 хувь, ямааны махны үнэ 4.4 хувиар буурчээ. Одоогийн байдлаар нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 3550 төгрөг, үхрийн мах/ястай/ – 4013 төгрөг, ямааны мах – 2600 төгрөг, адууны мах – 2640 төгрөг, хонины цул мах – 3600 төгрөг, үхрийн цул мах – 4488 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна (Зураг 1; 2) Есдүгээр сарын 15-ны байдлаар хонины махны дундаж үнэ Архангай, Булган, Дундговь, Төв, Увс, Ховд, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт 100-400 төгрөгөөр буурчээ. Дорнод, Сэлэнгэ, Хэнтий аймагт 100-300 төгрөгөөр өссөн байна. Харин бусад аймагт тогтвортой байна. Хонины махны үнэ Өмнөговь аймагт өндөр буюу 3500 төгрөг байхад Баян-Өлгий  аймагт 2200 төгрөг байгаа нь хямд үнэ байна.
Үхрийн махны үнэ өмнөх 7 хоногийнхоос Архангай, Төв, Увс, Ховд, Дархан-Уул аймагт 100-200 төгрөгөөр буурч, Баян-Хонгор, Дорнод аймагт 100-500 төгрөгөөр өсчээ. Бусад аймагт үхрийн махны үнэ харьцангуй тогтвортой байв. Дундговь, Өмнөговь аймагт үхрийн мах худалдаанд зарагдахгүй байна. Үхрийн махны үнэ Дорноговь аймагт 4500 төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй байхад Увс аймагт 2300 төгрөг байгаа нь хямд үнэ байна.

Гурилын үнэ тогтворжжээ

Есдүгээр сарын 15-ны байдлаар гурилын үнийг өмнөх наймдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ийн  задгай дээд гурилын үнэ 5.1 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 4.7 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 2.5 хувь, “Алтан тариа” ХК-ий савласан дээдийн дээд гурилын үнэ 1.7 хувь, дээд гурилын үнэ 5.5 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 5.0 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 2.3 хувь, орос дээд ба нэгдүгээр зэргийн гурилын үнэ 3.8-4.1 хувь, хятад дээд гурилын үнэ 0.8 хувиар тус тус өссөн байна.
Өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ний задгай ба савласан гурилын үнэ болон импортын гурилын үнэ харьцангуй тогтвортой байна. (Зураг 3; 4) Есдүгээр сарын 15-ны байдлаар аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрт хэрэглээ ихтэй нэгдүгээр зэргийн гурилын үнэ 560-900 төгрөгийн хооронд байна. Гурилын үнэ өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад Өмнөговь, Дархан-Уул аймагт 35-50 төгрөгөөр өсч, Дундговь аймагт 10 төгрөгөөр буурч, бусад аймагт тогтвортой байв. Дорнод аймагт нэгдүгээр зэргийн гурилын үнэ хямд буюу 560 төгрөг байхад Өмнөговь аймагт 900 төгрөг байгаа нь хамгийн өндөр үнэ байна.

Төмс, хүнсний ногооны үнэ буурчээ

 Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх наймдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад дотоодын төмсний үнэ 3.7 хувь, байцааны үнэ 3.2 хувь, луувангийн үнэ 13.3 хувь, манжингийн үнэ 10.8 хувь, сонгины үнэ 2.4 хувиар тус тус буурчээ. Харин өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ хоёр хувь, байцааны үнэ 2.2 хувь, манжингийн үнэ 15.1 хувь, сонгины үнэ 1.1 хувиар буурч, дотоодын төмсний үнэ харьцангуй тогтвортой байв.
    
Цагаан будаа, элсэн чихэр 2000 төгрөгт хүрчээ  

Энэ сарын эхний хагасын байдлаар цагаан будааны үнэ өмнөх долоо хоногийнхоос Баян-Өлгий, Завхан аймагт 100 төгрөгөөр буурч, Орхон аймагт 100 төгрөгөөр өссөн байна. Бусад аймагт харьцангуй тогтвортой байна. Аймгуудад кг цагаан будаа  1470-2000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин элсэн чихрийн үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад Баянхонгор, Дорнод, Өмнөговь аймагт 33-150 төгрөгөөр өсчээ. Бусад аймагт үнэ тогтвортой байна. Аймгуудад элсэн чихэр 1 кг нь 1600-2000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж