“Тогтвортой амьжиргаа” төслийнхөн сэтгүүлчдэд номын дуу сонсгов

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

“Тогтвортой амьжиргаа” төслийнхөн сэтгүүлчдэд номын дуу сонсгов

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгждэг “Тогтвортой амьжиргаа” төслийн талаар сонсоогүй хүн нэгээхэн ч үгүй. Уг төслийн эхний шат 2004-2008 онд улс орон даяар хэрэгжсэн бөгөөд хоёр дахь шат нь 2008 оноос эхэлжээ. Төслийн хоёр дахь шат  2012 он хүртэл үргэлжлэх бөгөөд төслийн өнөөгийн явц хийгээд ирээдүйд чухам ямар зорилгыг биелүүлэхээр зорьж байгаа талаараа сэтгүүлчдэд танилцууллаа. Тус төслөөс  өрнүүлж буй “Тогтвортой хөгжил-Монголын ирээдүй” сарын аяны хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч нарт төслийн талаар болоод орон нутгийн хөгжлийн асуудлаар номын дуу сонсголоо. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ажилтан Б.Эрдэнэ-Очир хөдөөгийн хөгжлийн хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн бол “Тогтвортой амьжиргаа-II” төслийн талаар тус төслийн газрын захирал А.Хашцэцэг танилцуулсан юм. Өнөөдөр “Тогтвортой амьжиргаа-II” төслийн хишгийг хүртээгүй сум, суурин нэг ч үгүй. Хөдөөд  хөгжил авчрах гол гарц нь олон нийтийн оролцоо гэдгийг А.Хашцэцэг онцлоод иргэдийг идэвхжүүлэхийн тулд мэдээлэл түгээх, сургахад сэтгүүлчдийн үүрэг их байна хэмээн тодотгож байлаа. Тус төслийн нэгдүгээр шатанд нийт 12,5 тэрбум төгрөгийн өртөгтэй 2500 төсөл хэрэгжүүлсэн бол хоёрдугаар шатанд 8,5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ удаагийн сургалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Д.Нэргүй, Газрын харилцаа геодези зурагзүйн газрын хэлтсийн дарга Ж.Даваабаатар нар оролцож, мал аж ахуйн салбарын хөгжлийн хэтийн төлвийн талаар санал бодлоо солилцсон юм.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж