Лууль, шарилж, халгайгаар тэжээл бэлтгэжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Лууль, шарилж, халгайгаар тэжээл бэлтгэжээ

Манай оронд цаг уурын өөрчлөлт илүү мэдрэгдэж эхэлснийг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Д.Нэргүй онцлон хэлж байлаа. Одоогоос олон жилийн өмнө манай цаг уурчид 2020 он гэхэд Монгол орны цаг уур 1,99 градусаар дулаарна гэж тооцоолж байсан ч энэ оны байдлаар 2,14 градусаар дулаараад байгаа ажээ. Ийнхүү уур амьсгал хурдацтай өөрчлөгдөхийн хэрээр жилйин дөрвөн улирлын төлөв байдалд ч эрс өөрчлөлт гарч байгаа юм. Жилийн 365 хоногийн 100-120 хоног нь л дулаан байгаа бөгөөд дулааны улиралд хэт халах болсон. Тиймээс малчид, мал бүхий иргэд ган, зуд болж магадгүй хэмээн таамаглах бус зайлшгүй болох зүйл гэсэн бэлтгэлтэй байхын чухлыг мэргэжилтнүүд сануулж байна. Өнгөрсөн жилийн зуднаар 9,8 сая малаа алдсан. Энэ нь нэг жилд авдаг төлийн хэмжээтэй бараг дүйж байгаа юм. Өвөл, хаврын улиралд малын өвс, тэжээл хомсдож, нэг ёсондоо өлдөж, өлсөж үхэх. Тиймээс малчид гарын доорх бэлэн зүйлсээр малдаа тэжээл бэлтгэх хэрэгтэйг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн онцолж байна. Тус хүрээлэн хаа сайгүй хог болон ургадаг лууль, шарилж, халгай, цахилдаг  зэрэг ургамлыг ашиглан малын тэжээл бэлтгэж эхэлжээ. Өөрсдөө бэлтгээд зогсохгүй малчдыг энэ энгийн аргад суралцуулах ажлыг  “Тогтвортой амьжиргаа-II” төсөлтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. Хогийн ургамал хэмээн ад үзээд байдаг дээрх нэр бүхий ургамлуудыг хэдийгээр мал тоож иддэггүй ч хатаамал байдлаар бэлтгэн өвөл хаврын хатуу цагт өгөхөд витамин уулгах шиг ач тустай ажээ. Түүнчлэн тус хүрээлэнгийнхэн аргалын үнсээ асгахгүй эрдэс болгон ашиглаж болохыг сануулж байна. Хужир мараа хомстой нутагт малдаа өгөх долооцыг  давс, хужир, үнс тэргүүтнийг хольж бэлтгэсэн нь “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнгийн эрэлт ихтэй бүтээгдэхүүний нэг болоод байгаа ажээ. Ялангуяа хүурдны морьдоо тэжээх гэж тус хүрээлэнгийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авч байгаа гэнэ. Дээхэндээ бол өвгөд, хөгшдийн мэддэг байсан малч ухааныг орчин үеийн техник,  технологитой хослуулж чадвал малаа зудад алдчихгүй өсгөх боломж байгаа юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж