Цасанд боогдсон 1000 гаруй иргэн, 348 автомашиныг аюулгүй болгожээ

2016 оны 4 сарын 17

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Тахилтын даваа”, Баян багийн “Хустайн даваа”-нд өнгөрсөн баасан гаригт цасан шуурга шуурч, зам хаагдаад байсан юм. Шуурганы улмаас олон автомашин цасанд сууж саатсан тухай дуудлагаар ОБЕГ-ын нэг автомашин, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 25 албан хаагч,  хоёр автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, гурван автомашин, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, дөрвөн автомашин, “Пажеро клуб”-ын 12 хүн, таван автомашин зэрэг  нийт 111 хүн, 23 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 1077 иргэн, 348 автомашин цасанд боогдсон байсныг өчигдөр шөнө 00.00 цагийн үед аюулгүй гаргажээ. Мөн замаар тээврийн хэрэгслүүд саадгүй зорчихоор болгож, цэвэрлэсэн байна. Мөн Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн 124-ийн давааны орчим 10 гаруй автомашин цасанд сууж саатсан тухай дуудлагаар  ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн  25 албан хаагч, хоёр автомашин, “АЗЗА” ТӨХК-ний долоон  ажилчин, гурван автомашинтай нийт 32 албан хаагч, долоон техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 43 иргэн, 18 автомашиныг цасанд боогдсон байсныг гаргаж, аюулгүй болгожээ. Харин Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багын “Ингэтийн даваа” гэдэг газар Орхон аймгийн чиглэлд явж байсан 34-75 ОРХ улсын дугаартай, 19-66 БУЛ улсын дугаартай ОРХ 41-17 улсын дугаартай суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10 иргэнийг зорчиж явсан суудлын гурван автомашиныг өнгөрсөн баасан гаригийн өглөө 08:50 цагт цаснаас татан гаргаж, аврах ажиллагааг явуулжээ.

Д.УУДАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна