Саудын Араб АНУ-ын хөрөнгийг зарахаар сүрдүүлэв

2016 оны 4 сарын 17

АНУ-ын Конгресст хэлэлцэж буй нэгэн хуулийг батлуулахын эсрэг Саудын Арабын талаас сүрдүүлжээ. АНУ-ын хууль тогтоогчид 9/11 болон бусад террорист халдлагад өртсөн хохирогчдыг гадаадын засгийн газрын эсрэг шүүхэд зарга үүсэхийг зөвшөөрсөн хуулийг санаачлан Конгресст хэлэлцэж байгаа аж. Гэвч Саудын Арабын эрх баригчдад уг хуулийг батлуулахын эсрэг АНУ-ын тус улс дахь олон тэрбум ам.долларын хөрөнгийг худалдахаар сүрдүүлжээ. Учир нь 2001 оны есдүгээр сарын 11-нд нисэх онгоц барьцаалсан 19 хүний 15 нь Саудын Арабын иргэд байсан аж.

Саудын Арабын гадаад хэргийн сайд Абдел аль-Жубейр өнгөрсөн гуравдугаар сард Вашингтонд айлчлах үеэрээ АНУ-ын хууль тогтоогчдод энэ тухай анхааруулжээ. Тэрбээр Саудын Араб болзошгүй эдийн засгийн эрсдэлээс сэрэмжлэн уг хуулийг эсэргүүцэж байна хэмээсэн аж. Түүнчлэн уг хуулийг батлуулахын эсрэг Цагаан ордны зүгээс ч дарамт шахалт их байгаа гэнэ.

Өмнө нь 9/11-ны халдлагын хохирогчдын ар гэрийнхэн Саудын Арабын засгийн газрын эсрэг гомдол гаргасан боловч вант улсын дархан эрхийн дагуу заргыг хүчингүй болгосон аж.

Саудын Араб нь Ойрхи-Дорнод дахь АНУ-ын удаан хугацааны стратегийн холбоотон орны нэг юм.

Эх сурвалж: CNN

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна