Зуслангийн газар өмчлөлийн бүртгэл үргэлжилж байна

2016 оны 4 сарын 17

Иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд дэх 26 байршилд /аманд/  зуслангийн газрыг өмчлүүлэх цахим бүртгэл үргэлжилж байна. Энэ удаагийн өмчлөлөөр нийт 18 мянга 216 нэгж талбарыг  өмчлүүлэх юм. Иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч, анхан шатны хариуг өгнө.  Хүсэлт гаргах иргэн нь www.land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан зуслангийн газраа өмчлөх өргөдөлөө гаргах бөгөөд системд иргэд өөрийн мэдээлэл болон эзэмшил газрын талаарх мэдээллийг оруулан бүртгүүлж, өмчлөгдөх боломжтой, өмчлөгдөх боломжгүй, тодорхой зөрчил арилсны үндсэн дээр өмчлөгдөх зэрэг хариуг холбогдох тайлбарын хамт хүлээн авна. Тухайн шаардлага бүрэн хангасан тохиолдолд холбогдох материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад хүргүүлснээр газар өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм. Хуулиараа ойн зах, усны урсацтай газраас 100 метрийн зайд иргэд газар эзэмших, өмчлөх эрхтэй. Гэвч Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн амуудад газартай иргэдийн ихэнх нь бусдынхаа орох гарах гарцыг хаасан эсвэл ойд, голын хажууд хашаа татаж, байшингаа барьсан зэрэг зөрчилтэй. Энэ тохиолдолд тухайн газрыг өмчлөхгүй боломжгүй аж. Хэрэв дээрх зөрчлөө арилгавал дараа нь газрын эзэмшлийн гэрчилгээг, өмчлөлийнхөөр сольж болох юм байна.  Нийслэлийн Өмчийн харилцааны газраас хийсэн тооллогоор нийт 40 мянга орчим өрх зуслангийн газарт, суурьшиж амьдардаг. Сүхбаатар дүүрэгт 17, Чингэлтэй дүүрэгт есөн зуслангийн ам бий. Ам бүрт газрын ерөнхий төлөвлөгөө хийж баталсан. Нийт 40 мянга 059 гэр бүлийн хэрэгцээний газраас 21 мянга 483 нэгж талбарыг нь өмчлөх боломжгүй аж.

Д.УЛАМБАЯР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна