Эрэгтэй, эмэгтэй баг алтын төлөө барилдана

2016 оны 4 сарын 17

2015 оны ДАШТ-ээс эрэгтэй баг хүрэл медаль хүртсэн фото агшин. Энэхүү медаль эрэгтэй жүдочдын хувьд анхны багийн дэлхийн аваргын медаль байсан юм. Казахстан 2015 он.

Узбекстаны Ташкент хотноо болж буй жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр багийн тэмцээнээр үргэлжлэн явагдаж байна. 30 гаруй орны баг тамирчид өрсөлдөж байгаагаас эрэгтэй 13, эмэгтэй найман баг багийн тэмцээнд өрсөлджээ. Эрэгтэй багаас Монгол, Узбекстан, эмэгтэй багаас Монгол, Японы багууд аваргын төлөө барилдахаар үлдээд байна. Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 21.00-с эхлэн бөгөөд С1 телевиз шууд дамжуулан үзүүлнэ.

Манай эрчүүд “В” хэсэгт багтаж, эхний тойрогт Ираныг 3-2, Киргизстаны 4-1-ээр хожин хагас шигшээд үлдсэн. Тэд аваргын төлөө барилдах эрхийн төлөө Японы багтай барилдаж, 4-1-ээр хожсон. Энэ барилдаанд 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, 81 кг-д О.Ууганбаатар, 90 кг-д Л.Отгонбаатар, +90 кг-д Н.Түвшинбаяр тус тус өрсөлдөгчөө ялжээ. Одоо тэд эзэн орны багтай аваргын төлөө барилдана.

Эмэгтэй жүдочид эхний тойрогт Киргизстаны багийг 5-0-оор, БНХАУ-ын багийг 4-1-ээр хожин аваргын төлөө Японы багтай барилдахаар үлдээд байна.

Улаанбаатарын цагаар 21.00-с эхлэх финалын барилдааныг С1 телевиз шууд дамжуулан үзүүлнэ.

Манай баг тамирчид тэмцээний эхний өдөр болсон хувийн барилдаанаас дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль авч багийн дүнгээр Японы улсын ард хоёрдугаар байрт жагслаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, 66 кг-ын жинд Д.Алтансүх, 81 кг-ын жинд Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа нар алтан медаль хүртэж, тивийн аварга цолыг хүртээд байна.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна