Путинээс хэн илүү вэ?

2016 оны 4 сарын 18

-ОХУ-д 1995 оноос албан тушаалтнуудын ашиг орлогын мэдүүлэг бичигдэж эхэлсэн ч тэр нь албаны нууц байсан юм. Харин 2009 оноос мэдүүлгийг олонд таниулан нийтлэх болжээ-

Владимир Путин  Фото: РИА Новости / Reuters

Дөрөвдүгээр сар нь албан тушаалтнууд, ард түмний төлөөлөгчид  ашиг орлогоо ил гарган тайлагнах үе юм.  Өөрөө хэдийг олов, эхнэр нь ямар орлоготой байв гэдгээ гаргаж, ашиг орлогын мэдүүлгээ бичнэ. Бас ямар хөрөнгөтэйгөө дурьдана. Хөрөнгө нь шорлогын газар эсвэл зоорь байсан ч  бичих хэрэгтэй. Жилээс жилд л эрхтэн дархтнуудын хөрөнгийн мэдүүлгийг ард олон ихээхэн сонирхох болсон. Тэндээс олон сонирхолтой зүйлийг харж болно.  Дөрөвдүгээр сарын 15-нд Кремлийн  сайт дээр Оросын томчуудын  ашиг орлогын тухай нийтэлжээ. Ерөнхийлөгчийн аппарат, сайд нарын танхимын  зарим гишүүдийн орлого  ерөнхийлөгч Владимир Путиныхээс  хэдэн арав дахин их гарчээ.  

Тэргүүний даруухан ашиг

Хөрөнгө орлогын мэдүүлэг нийтлэгдэж эхэлснээс хойш  ОХУ-ын ерөнхийлөгчийн ашиг орлого нь  хүрээнийхнээсээ  бараг л хамгийн бага байдаг уламжлалтай. Путины ашиг 7,65 сая байснаа 2015 онд 8,89 сая рубль хүртэл өсчээ. Уржнан  жил түүний ашиг  хоёр дахин нэмэгдсэн бөгөөд энэ нь цалин нэмэгдсэнтэй холбоотой гэж хэвлэлийн төлөөлөгч нь тайлбарласан юм.

Сонирхолтой нь өнгөрсөн онд Путины орлого ерөнхий сайд Д.Медведевийнхээс (8,7 сая рубль) давжээ. Ер нь бол Путины ойрын  хүрээнийхний орлого нь түүнийхээс давдагт ерөнхийлөгч тайван ханддаг гэж  Песков хэлсэн байна.

Саяхан болсон шууд ярилцлагын үеэр  нэгэн орос эмэгтэй хэзээ тэргүүн хатагтайг танилцуулах вэ?” гэж Путинээс асуухад тэр хэсэг зуур бодоод “Хэзээ нэгэн цагт би таны сонирхлыг гүйцээн өгч магадгүй” гэж хариулсан билээ. Энэ удаагийн Путины мэдүүлэгт өмнөх оны адил эхнэрийн тухай  мэдээлэл байхгүй. Охидынх нь ч   ашиг дурьдагдсангүй.  Хуулинд зөвхөн насанд хүрээгүй хүүхдүүдийн талаар л мэдээлдэг учир тэр биз ээ.

Путины өмнөх үл хөдлөх хөрөнгө өөрчлөгдсөнгүй. Тэр хоёр байртай. Нэг нь хувийнх 77 кв.м, нөгөө нь одоо амьдарч  байгаа 153,7 кв.м байр. Оросдоо 1500 кв.м  газартай, хувийн нэг гарааш, ашиглалтад байдаг өөр нэг гарааштай. Тээврийн хэрэгслийн хувьд хуучны хоёр «Волга» (ГАЗ М21 ба ГАЗ М21Р), «Нива» мөн «Скиф» гэх чиргүүлтэй.

Фото: Дмитрий Азаров

Түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын ашиг 36,7 сая рубль болсон нь өмнөх жилийн есөн саяас нэлээдгүй хэмжээгээр өсчээ. Зуу гаруй кв.м талбайтай хоёр орон сууцтай, бас нэг сууцны 1/2 хувийг эзэмшдэг, машины зогсоолтой гэнэ. Хоёр хэсэг нийтдээ 8000 гаруй кв.м хэмжээ бүхий газартай гэнэ. Түүнд нь хувийн байшинтай. Машин нь Toyota Land Cruiser 200 ажээ. Түүний мэдүүлэгт хоёр хүү, хоёр охин, эхнэр нь бичигдсэн байна.

Түүний эхнэр олимпийн уран гулгалтын аварга Татьяна Навка өнгөрсөн онд 89 сая рублийн ашигтай ажиллажээ. Мэдэлд нь хоёр газар, дөрвөн байр, гурван машин байгаа бөгөөд  Навка кремлийн аппаратын   тушаалтнуудын эхнэрүүдийн дунд  хамгийн баян эмэгтэй болжээ. Бас  АНУ-д үл хөдлөх хөрөнгөтэй цорын ганц эмэгтэй ажээ.

Ерөнхийлөгчийн арми

2014 онд 114 сая рублийн орлоготой байсан ТТОХ ба Абхаз, Өмнөд Осетийн нийгэм, эдийн засгин хамтын ажиллагааны ерөнхийлөгчийн  албаны дарга Олег Говорун  энэ жил даруухан орлоготой дөнгөж 9,3 сая рублийг бүртгүүлсэн байв. Гэхдээ түүний эхнэр нь газрын эзэн ажээ.

Өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн  тамгын газрын орлогч дарга Вячеслав Володин 87,1 сая рублийн орлогыг өмнөх жилийн 63 сая дээрээ нэмсэн байв. Үндсэн ажлаасаа тэрбээр 8,9 сая рубль авсан ба үлдсэнийг нь хадгаламжийн банкны  үнэт цаасанд оруулсан мөнгөнөөс олжээ. Тэрээр бизнесийн хувиа худалдаад мөнгөө 2007 онд үнэт цаасанд оруулжээ. Өнгөрсөн онд өмнөх жилийнх шигээ дөчин саяыг Володин буяны  ажилд зориулсан байлаа. Хорт хавдартай хүүхдүүдэд туслах  санд өгсөн байна.

Ерөнхийлөгчийн аппаратын хамгийн баян ажилтан Вячеслав Володин  Фото: Валерий Мельников / РИА Новости

Ерөнхийлөгчийн аппаратаас хамгийн өндөр ашигтай ажилтнуудын тоонд Песковоос гадна Холбооны зөвлөл дэх ерөнхийлөгчийн төлөөлөгч Артур Муравьев (36,3 сая рубль олон өмнөх оны 17,6 сая дээр нэмжээ), Аюулгүй зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев (33,7 сая рубль, өмнөх жилд нь 39,8 сая), ерөнхийлөгчийн туслах Игорь Левитин (33,1 сая рубль + 22,9 сая рубль) нар оржээ.

Өнгөрсөн оных шигээ ерөнхийлөгчийн дотоод бодлогын газрыг толгойлсон Татьяна Воронова  хамгийн  бага орлого буюу 4,2 сая рубль олжээ. Ерөнхийлөгчийн референтүүд Наталья Меликова, Екатерина Хуторская хоёр ч 4,4 сая рублийн ашигтай орлого багатайчуудын доод хэсэгт  оржээ. Ийнхүү Кремлийн хамгийн “баян” нь “ядуугаасаа” 20 дахин их мөнгө олсон байна.  

Оросын ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сергей Иванов 2015 онд 10,3 сая рубльтэй (өмнөх онд нь16,2 сая) болжээ. Иванов нь цэргийн тэтгэвэртэй бөгөөд тэр шугамаараа хоёр сая рублийн ашигтай байсан гэж Песков өнгөрсөн онд тайлбарлаж байлаа.

Ерөнхийлөгчийн өнөөгийн туслах Владислав Сурков Кремль дотроо хамгийн ядууд орж,  8,4 сая рублийн ашигтай байв. Түүнд байр, машин байхгүй. Эхнэрийнх нь нэр дээр 60 кв.м орон сууц, зургаан газар нь бичигджээ.

Баян сайд нарын танхим

Нээттэй засгийн газрын сайд Михаил Абызов танхмын хамгийн баян гишүүн болов. Түүний ашиг 2015 онд 455,6 сая  рубль. Хөрөнгөд нь 135,4 квадрат метр талбайтай байр, автомобиль Mercedes Benz S500, дөрвөн мотоцикл, Robinson 44 Clipper II нисдэг тэрэг, цасны явагч Yamaha, хоёр авто чиргүүл байгаа. Үнэт цаасны наймаа түүний  хөрөнгийн эргэлтээс ашиг орсныг Абызов тайлбарлав.

Хамгийн баян сайд Михаил Абызов  Фото: Геннадий Гуляев / «Коммерсантъ»

Баячуудын жагсаалтын хоёрт ерөнхий сайдын орлогч Юрий Трутнев (153,8 сая гаруй рубль), гуравт нь Аж үйлдвэрийн сайд Денис Мантуров (144,7 сая орчим рубль) нар оржээ.

Ерөнхий сайдын орлогч Игорь Шувалов орлогоо өмнөх жилийнхээс 2015 онд арав дахин их болгон 97,2 сая рубль олжээ. Эхнэр нь мөн  бараг адилхан  92,5 сая рублийг гэр бүлийн төсөвтөө авчирсан байна.

Бүхнээс бага орлоготойд Холбооны сайд Николай Никифоров (5,8 сая рубль), Хөдөлмөрийн сайд Максим Топилин (5,95 сая рубль) нар байв. Харин тэдний эхнэрүүд 28,6 ба 29,8 сая рублийг тус тус олжээ.

Өөрөө явагч, шорлогын газрууд ба халуун ус...

Орос ба хилийн чанадад байгаа хөрөнгөө төрийн өндөрлөгийнхөн  мэдүүлсэн байна. Ихэнх нь Орост хөрөнгөтэй, зарим нь Европт байшинтай байв. Ерөнхий сайдын орлогч Шуваловын гэр бүл Австри, Их Британид түрээсийн байртай. Ерөнхий сайдын орлогч Ольга Голодец Швейцарид зуслантай, Италид байртай аж. Ерөнхий сайдын орлогч Александр Хлопонин Италид байшин газартай гэнэ. Сайд дарга нарын ихэнх герман машиныг илүүд үздэг гэнэ. Бараг бүгд л автын чиргүүлтэй байлаа.

Хөрөнгийн мэдүүлэгт үл хөдлөх хөрөнгөд зочны байр, цэвэрлэх төхөөрөмж, адууны хашаа, угаалгын газар, зоорь, хамгаалагчдын байр, манежийн авто зогсоол, хүлэмжтэй манаачийн байшин хүртэл байгаа аж. Өмнөх жилийнх  шигээ хамгийн их хөрөнгийг Сибирийн тойргийн ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Николай Рогожин бүртгүүлжээ. Шорлог, халуун ус зэрэг нь хасагдсан ч тэр эхнэрийнхээ хамт 24 үл хөдлөх хөрөнгийн байгууламжтай гэнэ. Төрийн дум дахь ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Гарри Мунх эхнэрийн хамт 12 байгууламжтай гэнэ.

Эхнэрүүдийн амжилт

Дэлхийн олон удаагийн аварга Татьяна Навка хөрөнгийн мэдүүлэгт нэгдүгээрт бичигдэхээр их хөрөнгө мөнгөтэй аж.  Кремлийн Хяналтын газрын дарга Чуйченкогийн эхнэр 23,5 сая рублийн ашигтайгаар гэр орноо өөд татсан байна.

Дмитрий Песков түүний эхнэр олимпийн аварга Татьяна Навка  Фото: Екатерина Чеснокова / РИА Новости

Засгийн газрын гишүүдийн эхнэрүүдээс  хамгийн баян нь ерөнхий сайдын орлогч Аркадий Дворковичийн эхнэр болов. Хатагтай 142 саяын орлоготой ажиллажээ. Мөн л ерөнхий сайдын орлогч Приходвкогийн эхнэр өнгөрсөн онд 132 саяын орлого олжээ. Гуравт нь Шуваловын эхнэр 92 саятайгаар бичигдлээ.

Албан нууц биш

Анх ОХУ-д 1995 оноос албан тушаалтнуудын ашиг орлогын мэдүүлэг бичигдэж эхэлсэн ч тэр нь албаны нууц байсан юм. Харин 2009 оноос мэдүүлгийг олонд таниулан нийтлэх болжээ. 2013 оноос эхлэн Оросын албан тушаалтнууд эхнэр, хүүхэддээ зарцуулсан мөнгийг мэдүүлэгт бичих болов. Шалгалтад тэдний үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, орлогын эх үүсвэр зэрэг багтдаг. Энэ хугацаанаас эхлэн тэдний гадаад дансны мөнгө бас мэдүүлэгт орох болжээ. Гурван жилийн өмнө Кремльд Авлигын эсрэг  газар байгуулагдан дарга нарын мэдүүлгийг шалгах болсон байна. 

Хөрөнгө, орлогын мэдүүлэгт жилдээ 1,5 сая албан хаагч хамрагддаг. 2014 онд тэдний 130 мянган мэдүүлэгийг тулган шалгаад 200 орчим хүн хөрөнгөө нуусан нь илэрсэн байв. Мэдүүлгийнх нь тал хувь нь шахуу дутуу бичигдсэн байжээ. Нийт 251 зөрчлийг ноцтой гэж үзэн  эздийг нь ажлаас нь халжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна