МАН МАХН-нд 19 тойргоо өгөхөөр тохиролцжээ

2016 оны 4 сарын 18

МАН-ын Бага хурал өнөөдөр болно. Энэ хурлаар МАН, МАХН эвсэж сонгуульд орох асуудлыг хэлэлцэнэ. Хоёр нам эвсэж чадвал эрх мэдлийн хуваарилалтыг 60:40 байлгах ёстой гэдэг шаардлагыг МАХН-ын дарга Н.Энхбаяр тавьж байгаа. Харин МАН-аас УИХ-ын сонгуульд оролцохдоо 19 тойргоо МАХН-д өгөхөөр найр тавьжээ. Өнөөдрийн хурлаараа энэ шийдвэрээ баталгаажуулах талаар ойрын эх сурвалж хэлсэн юм. МАН-аас МАХН-д өгсөн тойргуудыг тоймлон хүргэе.

Дархан-Уул. МАН-аас Дарханд Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Жавхлан нэр дэвшихээр бэлтгэж ажлаа өгсөн билээ. Тэгвэл МАН-ын удирдлагууд энэ удаад түүнийг өнжөөж оронд нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарыг нэр дэвшүүлэх тохирсон сурагтай.

Өвөрхангай. Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр аймгийнхаа иргэдэд цаг тооны бичиг тарааж, Сонгуулийн хууль зөрчсөн гэдэг мэдээлэл явж байгаа. Энэ хэл амнаас болсон уу, МАН Өвөрхангайн тойргоо МАХН-ын орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт өгөхөөр болсон байна.

Дорнод. МАН бие даагч хоёр гишүүнд найр тавьж, урьж залсан. Энэ урилгатай зэрэгцэн бие даагч Х.Болорчулуун МАН-аас Дорнодод нэр дэвших нь гэсэн цуу чяриа дуулдаж байлаа. Үүнээс гадна МАН-аас Дорнодод Н.Номтойбаяр, Д.Одбаяр нар Дорнодын тойрогт дахин өрсөлдөхөөр санаархаж байгаа. Тэгвэл МАН-ын удирдлагууд дээрх гурван нэр дэвшигчээ хойш нь тавьж Дорнодод МАХН-ын хоёр нэр дэвшигчийг хамтад нь сойхоор болсон гэнэ. Тухайлбал, “Насны зам” ХХК-ын захирал, Дорнод аймгийн МАХН-ын хорооны дарга Ж.Энхжаргал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар Дорнодын тойрогт зуузай холбон АН-ын нэр дэвшигчидтэй өрсөлдөхөөр болжээ.

Сүхбаатар. Ч.Улаан гишүүн энэ удаагийн сонгуульд Сүхбаатар аймагт нэр дэвшихээр болжээ. УИХ-ын гишүүн асан Р.Буд тус тойрогт санаархаж байсан ч намынхаа удирдлагуудын шийдвэрээр энэ удаад өнжихөөс аргагүй болсон байна.

Хөвсгөл. Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нэр дэвших нь тодорхой байсан. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Л.Мөнхбаатар ч Хөвсгөлийн тойрогт санаатай байгаа. Тэгвэл тэдний нэг нь 2012 Оны сонгуулиар МАХН-аас Хөвсгөлд нэр дэвшиж байсан Х.Батсайханд нэр дэвшигчийн мандатаа өгөхөөс аргагүй болжээ.

Архангай. Архангай аймагт МАХН-аас Н.Удвалыг нэр дэвшүүлэхээр МАН-ынхан хүлээн зөвшөөрчээ. Тус аймагт МАН-аас генсек Ж.Мөнхбат, Т.Бадамжунай нарыг нэр дэвшинэ гэж яригдаж байсан ч МАХН-ын даргын санаачилгаар энэ удаагийн сонгуульд нэг нь тойргоо алдаж, золионы тойрогт цөлөгдөх бололтой.

Дорноговь, Говьсүмбэр. Дорноговь аймагт “Сод Монгол” группын ерөнхийлөгч Ц.Анандбазар нэр дэвших байсан ч МХЕГ-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж, МАХН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Чимидсүрэн нарын нэгд тойргоо өгөхөөс аргагүй болжээ.

Дундговь. Гаалийн ерөнхий газрын дарга асан О.Ганбат Дундговь аймагт нэр дэвшихээр болжээ. Уг нь МАН-аас Б.Амарсанааг нэр дэвшүүлэхээр бэлтгэж байсан ч энэ удаад МАХН-д найр тавьж өнжүүлэхээс аргагүй болсон байна.

Увс. Увс аймагт өнгөрсөн сонгуулиар С.Жавхлан, Н.Давааням нар “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж байсан. Тэгвэл энэ сонгуулиар Н.Давааням, Г.Доёд нарын нэг МАН-ын нэг мандатыг өвөртөлж Увс аймгийг зорих тохироо хийжээ.

Баян-Өлгий. Баян-Өлгий аймагт “Ачтан” эмнэлгийн зөвлөх эмч А.Нота, Казахстаны их сургуулийн багш О.Хабсатар нарын нэгийг МАХН-аас нэр дэвшүүлэхээр МАН-тай тохироо хийжээ. Уг нь тус тойрогт Б.Тлейхан, Ж.Сауле МАН-аас нэр дэвшихээр яригдаж байсан юм.

Баянхонгор. Даргынхаа төлөө нулимс унагасныхаа хариуд намынхаа өндөр албан тушаалд очсон Э.Эрдэнэжамъян энэ удаад аавынхаа төрсөн нутаг Баянхонгор аймагт нэр дэвшихээр МАН-ынхантай тохироо хийжээ. Түүнд УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар мандатаа өгөхөөс аргагүй болсон гэнэ.

Өмнөговь. Шадар сайд Ц.Оюунбаатар төрсөн нутаг Өмнөговьдоо нэр дэвшихээр бэлтгэж байсан. МАН, МАХН хоёр эвссэн тохиолдолд МАН тойргоо Ц.Оюунбаатарт өгөхөөр болжээ. Уг нь тус аймагт МАН-аас УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэн горилж байсан билээ.

Чингэлтэй дүүрэг: УИХ-ын гишүүн асан Д.Зоригт МАН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшдэг уламжлалтай. Тэгвэл энэ удаад Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэд байр сууриа тавьж өгөхөөс аргагүй болжээ. Учир нь МАН-аас Чингэлтэйн тойргоо МАХН-д өгч байж эвсэх тохироо хийсэн байна.

Сонгинохайрхан. Д.Тэрбишдагва Сонгинохайрхан дүүрэгтээ нэр дэвшинэ. Б.Тулга мөн түүнтэй хамт Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Тэдэнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа нар тойргоо өгөх тохироонд оржээ.

Эдгээрээс гадна Э.Батшугарыг хүссэн тойрогт нь нэр дэвшүүлэх ёстой гэж МАХН-аас шаардсаныг МАН-ын удирдлагууд хүлээж авсан байна.

Энэ удаагийн сонгуульд МАН, МАХН хоёр эвсч орвсон тохиолдолд эрх мэдлийн хуваарилалтыг 60:40 байлгах хэрэгтэй гэсэн Н.Энхбаярын шаардлагыг МАН хүлээж аваагүй. Тэгвэл эх сурвалжийн хэлснээр  Ажлын хэсгүүд цөөнгүй асуудал дээр санал нийлээд буй аж. Одоо 1-2 асуудал дээр санал нэгдвэл эвсэх санамж бичигт гарын үсэг зурах бөгөөд энэ асуудлыг өнөөдөр хийх Бага хурлаараа тохирох аж.

У.ЖАНЦАН

Эх сурвалж: tsenzurgui.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна