Туул голоо аврахыг шаардлаа

2016 оны 4 сарын 18

-“Хатан Туулаа аваръя” үндэсний  хөдөлгөөний УИХ-ын даргад шаардах бичиг хүргүүллээ-

“Хатан туул голоо хамгаалах” үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар өнөөдөр /2016.04.18/ нийслэлчүүдийн амьдралын эх ундарга болсон Туул голд анхаарлаа хандуулахыг УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нараас хүсч, шаардах бичгийг өгчээ.  Тэд өнгөрсөн хугацаанд Туул голын эрэг дагуу түгээмэл олдоцтой ашигт малтмал буюу элс, хайрга олборлох тусгай зөвшөөрлийг олгосноос Туул гол ширгэж, зарим газраа урсац нь тасарсан гэж үзжээ. Тодруулбал, 2005 оноос өнөөг хүртэл Туул голын эрэг дагуу 64 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас аж ахуйн нэгжүүдэд олгосон. Энэ олон тусгай зөвшөөрөл эзэмшигчид Туулын эрэг дагуу олборлолт явуулснаас болж, Туул гол 20-30 км газарт тасарсан тухай “Хатан туул голоо хамгаалах” үндэсний хөдөлгөөнийхөн ярьж байна. Иймээс нийслэлчүүдийн хэвийн амьдралд болоод байгаль экологид онцгой хохирол учруулсан тусгай зөвшөөрлүүдийг нэн даруй цуцлах, Туул голд анхаарлаа хандуулахыг сануулсан шаардах бичгийг УИХ-ын дарга болон нэр бүхий 11 гишүүнд хүргүүлжээ. Улмаар Ирэх баасан гариг буюу дөрөвдүгээр сарын 22-ны нэгдсэн чуулган дээр Туул голын өнөөгийн байдлын талаар яаралтай хэлэлцэхийг “Хатан туул голоо хамгаалах” үндэсний хөдөлгөөнийхөн шаардлаа.

Усны тухай болон Урт нэртэй хуульд зааснаар “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж заажээ. Мөн “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэсэн байна. Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын мэдээллээр нийслэлийн нутаг дэвсгэр дэх Туул голын сав газарт нийт 203 лиценз буюу тусгай зөвшөөрөлийг компаниуд авчээ. 2014 оноос хойш шинээр 39 талбайд хайгуул хийх зөвшөөрлийг нийслэлээс олгосон байна. Гэхдээ мэдээж Туул голын хамгаалалтын бүсэд нэг ч хайгуулын болоод олборлолтын тусгай зөвшөөрөлгүй олгоогүй гэдгээ нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын хэлтсийн дарга Х.Марат тодотголоо. Тэрбээр Туул голын гадаргын ус тасалдах болсон шалтгааныг хотын ундны усны хэрэглээ нэмэгдсэнтэй холбон тайлбарлав. Туул голын таван эх үүсвэрээс усны хэрэглээгээ нийслэлчүүд авдаг аж.

 “Хатан туул голоо хамгаалах” үндэсний хөдөлгөөнөөс гол үерлэсэн үедээ хамгаалалтын бүс дэх 50 метр газраараа тэжээгддэг.  Гэтэл 50 метрийн дотор эдгээр үйлдвэрүүд олноор байрлаж, хаягдал, бохирдол гаргаж, голын орчимд хаядаг нь нөлөөлөх хүчин зүйлийн нэг болсныг хэлж байсан юм. Тиймээс нийслэлчүүдийн 90 хувийн ундны усыг хангадаг Туул голын ширгэхэд хүргэсэн барилгын болон хайрга, дайрганы лицензийг яаралтай цуцлах. Хоёрдугаарт, Туул голын орчим дахь барилга, үйлдвэрлэлийг яаралтай гаргах шаардлагатай болжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна