18 настай охин Оросын гоо бүсгүйгээр тодров

2016 оны 4 сарын 18

Сэтгүүлч:
Б.Анхтуяа

ОХУ-ын гоо бүсгүйгээр 18 настай Яна Добровольская шалгарчээ. Тюмень хотоос оролцсон Яна Добровольская ОХУ-ын өнцөг булан бүрээс ирсэн 50 гоо бүсгүйгээс зүс царай, билиг оюунаараа шалгарсан байна.

Тэрбээр титмээ өнгөрсөн жилийн тэмцээний ялагч Софиа Никитчукаас шилжүүлэн авав. Яна Добровольскаяд титмийг нь дагалдан гурван сая рубль, “Hyundai” автомашин ирсэн бөгөөд хамгийн гол нь “Дэлхийн мисс”, “Ертөнцийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон юм.

174 см өндөр Яна Добровольская бүжгээр 12 жил хичээллэжээ. Тэрбээр  ирээдүйд аваргуудыг сургадаг бүжгийн багш болох мөрөөдөлтэй гэнэ.

ОХУ-ын гоо бүсгүйн ялагчийн цагаан алтан титмийг Максим Вознесенскийн "Jewellery Theatre" дэлгүүрт 2010 онд урласан аж. Сувд болон алмааз эрдэнээр чимэглэсэн цагаан алтан титэм нь нэг сая ам.долларын үнэ хүрэх гэнэ. Энэ жилийн гоо бүсгүйн тэмцээн Юрий Гагарины сансарт ниссэний 55 жилийн ойг тохиолдуулан “сансар” сэдвийн дор зохиогджээ. ОХУ-д гоо бүсгүй шалгаруулах тэмцээн 1927 оноос хойш жил бүр зохиогдож байна.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Sputnik

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна