Хиймэл дагуул хөөргөх хөрөнгө цуглуулна

2016 оны 4 сарын 18

Монгол Улс ирэх онд анхны хиймэл дагуул хөөргөхөөр бэлтгэл ажилдаа гарсан талаар өнөөдөр  /2016.04.18/ МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ тэргүүтэй профессорууд мэдээлэл хийлээ. Япон Улсын Засгийн газраас хиймэл дагуулгүй орнуудыг дэмжих зорилготойгоор Монгол, Япон, Гана, Бангладеш, Нигер гэх таван оронд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Хиймэл дагуул хөөргөх ажилд Япон улсын Засгийн газар хүний нөөц, дотоод бааз суурь, гадаад харилцаа холбоо гээд бүх талаар тусалж байгаа гэлээ. Гагцхүү хиймэл дагуул хөөргөхөд шаардлагатай 225 мянган ам.долларыг хэрхэн олох вэ гэх асуудал үүсжээ.

Хиймэл дагуул хөөргөхөд хоёр бүтээн байгуулалт хийх шаардлагатай. Нэгдүгээрт, хиймэл дагуул бүтээх, хоёрдугаарт, газрын станц байрлуулах. Тэдний тооцоолж буйгаар хиймэл дагуул бүтээхэд 100 мянган ам.доллар хэрэгтэй. Үүний тал хувийг нь МУИС-иас гаргахаар төлөвлөжээ. Харин үлдсэн 50 мянган ам.долларыг нь олон нийтийн хандиваар цуглуулах гэж буй гэлээ. МУИС-ийн профессор Ч.Лхагважав “Монгол Улс сансрын орон зайд өөрийн гэсэн хиймэл дагуулаа хөөргөнө гэдэг түүхэн үйл явдал. Энэ үйл явдалд хандив өргөсөн иргэдийн мэдээллийг архивт тэмдэглэн үлдээх болно. Иргэдээс ирсэн хандивыг МУИС-ийн цахим хуудсанд байрлуулж, шилэн дансны дагуу мэдээлнэ” гэлээ.

Ингээд хиймэл дагуул хөөргөх ажилд хандив өргөх иргэд “Хаан банк” 5041392345 дансанд хийх юм байна.

Харин газрын станц барихад 125 мянган ам.доллар шаардлагатай. Энэ мөнгийг “Инженер технологийн дээд боловсрол” төслөөс гаргахаар тооцоолжээ.

Хиймэл дагуулыг монгол оюутнууд бүтээнэ

Япон Улсын Кюүшү технологийн институти хиймэл дагуулыг бүтээх, хөөргөх ажлыг хариуцан ажиллаж байгаа юм байна. Ингэснээр Япон Улсад суралцаж байгаа монгол оюутнууд хиймэл дагуулыг хийх аж. Оюутнууд хиймэл дагуул бүтээх ажилдаа аль хэдийн ханцуй шамлан оржээ.

Хиймэл дагуул ямар ач холбогдолтой вэ

Эхний ээлжид Монгол Улс бусад томоохон улс орнуудын адил сансрын уудамд өөрийн гэсэн орон зайгаа эзэлж, судалгаа, шинжилгээ хийнэ гэсэн үг юм байна. Хоёрдугаарт, газрын гадаргын зургийг 400 км-ийн өндрөөс 100 м нарийвчлалтайгаар авах боломжтой. Ингэснээр газрын гадаргын өөрчлөлтийг судалж, шинжлэх боломж бүрдэнэ. Мөн байгалийн гамшиг, ой хээрийн түймрийг урьдчилан тооцоолох, мэдээлэл дамжуулахад ашиглах боломж олгодог юм байна. Энэ нь ард, иргэд, улс орны амьдралд томоохон ач холбогдолтой гэдгийг дурдлаа.

Гэхдээ анхны туршилтаас улс орон, иргэдийн амьдралд нөлөөлөх ач холбогдлыг шууд ярихад хэцүү гэдгийг МУИС-ийн профессорууд онцоллоо. Эхний ээлжид хиймэл дагуулын найдвартай, зогсолтгүй байдлыг хангах нь чухал гэлээ. Дараагийн хиймэл дагуулыг 2018-2019 онд хөөргөхөнө гэж төлөвлөжээ. Энэ тохиолдолд газрын гадаргын судалгаа шинжилгээг өндөр түвшинд хийснээр ус, цаг уурын мэдээллийг одоогийнхоос хэд дахин бодитой авах, ган зудыг урьдчилан тооцоолох, гал түймрийн мэдээллийг тэр даруйд нь сансраас авах зэрэг иргэд, улс оронд ач холбогдолтой үр дүн авчирна гэлээ.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна