Жендер – Нийгмийн амьдралын хэв маяг мөн үү?

2016 оны 4 сарын 18

Аль ч шатны сонгууль дараагийн ээлжит сонгуульдаа үлэмж хэмжээний туршлага, амьдралын сургууль болж өгдөг. 1992 оны Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш хүний эрх, эрх чөлөөг нийгмийн амьдралын бүх шатанд дээшлүүлэх оролдлогууд улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгагдахаас эхлээд Жендерийн тухай хуультай болох хүртэл тасралтгүй ахисаар ирсэн байна. Гэвч улс төрийн түвшинд гарсан шийдвэрээр нийгэмд өрнөж буй тухайлсан харилцааг зохицуулахад олон нийт дэх энэ харилцааны ойлголт, түүнд оролцогчдын тухай мэдээлэл, хандлага, ойлголтыг байнга нэмэгдүүлж, мэдээллээр хангах байдал үргэлж дутмаг явж иржээ. 

Хүний эрхийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, албан ёсны боловсролын хөтөлбөрт суулгах, хүний эрхийг дээдлэх явдлыг хуулиар мөрдүүлэхээс гадна соёлын түвшинд нийгмийн ухамсар, ой тойнд суулгаж өгөх ажил нь НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал дахь “Хүн бүр” гэдэг үгний утгыг тайлбарлах, янз бүрээр нотлох, түүнийгээ олон талаас нь үзүүлэх явдлын түүх болж ирсэн гэмээр дүр зураг ажиглагддаг. Жендерийн тэгш байдлийн хөгжлийн түүх ч үүнтэй нэг адил “Хүн бүр” хэмээх утганд багтаж буй эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал нь хүний эрхийн нэг хэлбэр гэдгийг улс төр, эдийн засаг, соёл болон нийгмийн бусад харилцаанд үзүүлж, нотолсоор явж иржээ. Энэ ойлголтын талаар хөгжлийн харилцан адилгүй түвшнээс шалтгаалж дэлхийн улс орнуудын практик, туршлага өөр боловч олон улсын түвшинд тодорхой түвшний хүлээн зөвшөөрөгдсөн стандарт нэгэнт бий болсон юм. Манай улсын хувьд хууль эрх зүйн орчин боломжийн түвшинд “бүрэлдсэн” боловч үүнийгээ мөрдөх, ажил хэрэг болгох хэрэгжилтийн тал дээр хангалтгүй үзүүлэлттэй явж иржээ.

Жендерийн тэгш байдал нь зөвхөн улс төр, нийгмийн амьдралын идэвхитэй эмэгтэйчүүдийн амьдралын хэв маяг төдий зүйл биш юм. Жендерийн тэгш байдал нь хүний эрхийн активизм, эмэгтэйчүүдийн манлайлал зэрэг төрөлжсөн нийгмийн идэвхитэй үйл ажиллагаанаас илүү өргөн хүрээтэй асуудал юм. Энэ бол нийгмийн хамтын амьдралын хэв маяг юм. Энэ хэв маяг нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй ижил хэмжээний оролцоотой, тэр нь зөвхөн хуулиар биш, нийгмийн ухамсрын түвшинд, соёлын түвшинд, бүр эрэгтэйчүүдийн ухамсрын түвшинд баталгаажсан хамтын амьдралын хэв маяг юм. Гэвч үүнийг нотлох нь “хүн бол ухамсарт амьтан мөн” гэдгийг нотлохтой адилгүй зүйл. Энэ нь манай нийгмийн хөгжлийн хүрсэн түвшин гэх бодит хүчин зүйлээс гадна, хөгжлийн хүрч амжаагүй түвшин гэх тодорхойгүй, хэмжих бололцоогүй түвшнээс ихээхэн хамааралтай байна. 

Манай улсын түүх, уламжлалаас харахад эмэгтэйчүүд, хатад улс төрийн шийдвэр гаргах, төрийн хэрэгт оролцож явсан арвин баялаг түүх байгаа боловч энэ нь өнөөгийн жендерийн тэгш байдлын тухай ойлголтоос тэс өмнөө зүйл. Хоорондын харилцан хамаарал ч бага. Харин улс орнуудын хүний эрхийн төлөөх тэмцлийн түүх нь нийгмийн амьдралын чанарыг бүхэлд нь өөрчилж байсан бол жендерийн тэгш байдлын тэмцэл нь тэр амьдралын чанарыг баталгаажуулж, тогтворжуулж, цаг үеийн байдлаас шалтгаалж тийм ч амар өөрчлөгдөхгүй болтол нь олон нийтийн ухамсарт суулгаж өгч байсан түүх юм. Скандинав, Баруун Европын орнууд, Канад, АНУ, Их Британи зэрэг орнуудын жишээг сонирхон судалж болох ч бидний хувьд нийгмийн амьдралын чанарыг дээшлүүлэх, түүнийгээ баталгаажуулсан түүхээ бүтээх нь тэдгээр орны эмэгтэйчүүдийн асуудал биш, харин бидний, бидний үеийнхний л асуудал билээ. 

Хэдийгээр сонгууль ойртохоор энэ асуудал илүү хүчтэй яригддаг ч хэлэхээс аргагүй хэд хэдэн зүйл ажиглагдаж байгааг тэмдэглэвэл:

- Эмэгтэйчүүдийн тэгш эрхийг, ялангуяа улс төрийн шийдвэр гаргах түвшинд хангах асуудал нь эр эм хүйсийн аль нэгнийх нь давуу талыг тогтоох маргаан болж хувирахдаа хурдан байдаг. Үүнийг нийгмийн амьдралын анхдагч нэгж болох гэр бүлийн хүрээнд өөрчилж болох бөгөөд тодорхой цаг хугацаанаас гадна, медиа, мэдээллийн орчин, харилцааны дэвшилтэт хандлагаар өөрчлөх боломжтой. 

- Боловсрол, эрүүл мэнд гэх нийгмийн хамгийн чухал хоёр институц, хамгийн чухал хоёр салбарт эмэгтэйчүүд голлох үүргийг гүйцэтгэж байна. Эрүүл байх, боловсролтой байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх гол үүрэг эмэгтэйчүүдэд ногдож байгаа. Статистик дурдвал боловсролын салбарын 79%, эрүүл мэндийн салбарын 87% нь эмэгтэйчүүд байна, манай улсын нийт хүн амын 52% нь эмэгтэйчүүд байна. Боловсролын салбар, эрүүл мэндийн салбарт ногдох баялгийг эрчүүд хуваарилж, гол шийдвэрийг эрчүүд гаргаж байгаа тохиолдолд эмэгтэйчүүд бодлого боловсруулах, шийдвэр гаргах боломж үргэлж хомс байсаар байна. 

- Жендерийн тэгш байдлыг хангах нь улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын, эсвэл олон улсын байгууллагын санхүүжилтээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн бус байгууллагуудын ажил төдий биш юм. Энэ нь бизнесийн, хувийн хэвшлийн, компаниудын үзэл баримтлал төдийгүй, байгууллагын үр ашигтай ажиллах шалгарсан сайн загвар гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болсон. Интернэт худалдааны дэлхийн хамгийн том компани болох Хятадын АлиБаба компаний туршлагаас үүнийг харж болно. Харин энэ байдлыг ямарваа нэг уриалгаар бий болгохгүй, энэ байдлыг эрчүүд бодлоготойгоор шийдвэр гаргах түвшний давамгайллаасаа татгалзаж байж л бий болгоно.

- Жендерийн тэгш байдлыг бодитоор хангах нь манай нийгмийг дүр эсгэсэн хуурамч байдлаас нь гаргах хамгийн зөв зам юм. Эмэгтэйчүүдийн эрхийг зөвхөн эмэгтэйчүүд л ярьж байна, зөвхөн улс төрчид л ярьж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг нийгмээрээ хэлэлцэх, ярилцах, ямар нэгэн ахиц дэвшил гаргах нь чухал байна.

- Эмэгтэйчүүдийн эрхийн эсрэг эрэгтэйчүүдийн эрх боломжийг сөргүүлэн тавих нь өндөг тахиа хоёрын аль нь анхдагч вэ гэдгээс илүү хэцүү, амаргүй маргаан юм. Ингэж сөргүүлэн тавих нь асуудлыг сарниулах, хүйсийн давуу талыг тогтоох эцэс төгсгөлгүй маргаан руу хөтлөхөөс өөр ямар ч үр дүнд хүргэхгүй юм.

Эмэгтэйчүүд гэдэгт таны ээж, таны охин, таны дүү, таны эгч, таны хайртай гэргий,  найз нөхөд багтдаг. Эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангах асуудлыг зөвхөн нэр дэвшигч эмэгтэйчүүдийн эрх төдийгөөр ойлгож болохгүй юм. Охидын сурч боловсрох эрх, тэдэнд илүүтэй анхаарал хандуулах, илүүтэй хөрөнгө зарцуулах, илүү боломж олгох асуудал ч мөн багтана. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар төрийн байгууллагуудын хүлээх үүргийг тодорхой тусгаж өгсөн боловч төрийг байгуулдаг улс төрийн намуудын хувьд энэхүү асуудал нь нэр дэвшихэд эмэгтэйчүүдийн квот тогтоох төдийгөөр үйл ажиллагаа нь хязгаарлагдаж байна. Сэтгэлгээгээ өөрчлөх, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлийн чиг үүргийг дүрэм журмын түвшинд зохицуулж өгөх бодит шаардлага бий.

Наваан-Юндэнгийн ОЮУНДАРЬ