Бизнесийн анхдугаар чуулган болно

2016 оны 4 сарын 18

Анхдугаар чуулга уулзалтыг энэ сарын 21-ний өдөр “Blue sky” зочид буудалд зохион байгуулах гэнэ. Чуулга уулзалтын талаар Монголын бизнесийн зөвлөлийн /МБЗ/ Удирдах зөвлөлийн дарга, Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, МБЗ-ийн гүйцэтгэх захирал Жим Двайер, МБЗ-ийн гишүүн, Өмгөөллийн “И Эл Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баяр нар мэдээлэл хийлээ.

Анхдугаар чуулганд Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн 230 компани оролцох бөгөөд бусад бизнес эрхлэгчдийг ч оролцохыг уриалж байв. Уг чуулганд нийт бизнесийн салбарын 200 гаруй төлөөлөгч, салбар хуралдааны зочноор  25 бизнес эрхлэгчдийг урьжээ.   

Чуулга уулзалтаар олон улсын санхүүжилтийн чиглэл, уул уурхай болон үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлт, эдийн засгийн хямралын үе дэх бизнесийн стратеги, хөрөнгийн зах зээл, бизнесийн шинэлэг чин хандлага сэдвүүдээр хэлэлцэх бөгөөд Засгийн газарт санал зөвлөмж гаргах ажээ. Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалд бизнесийн  үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, хөгжих үүднээс Монголын бизнесийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Манай орны эдийн засаг хямралтай байгаа ч бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй эрхлэх хэрэгтэй. Бизнесийн салбарт тулгамдаж буй асуудлаа судалгаа тооцоотойгоор хэлэлцье гэсэн зорилгоор зохион байгуулж байна.” гэв. Тэрээр эдийн засгийн хямралтай нөхцөлд бизнес эрхлэгч байгууллагууд өөрсдийн зардлыг багасгах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгааг онцолсон юм.

“МБЗ сүүлийн 9 жилийн хугацаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Манай байгууллагын гол зорилго нь гишүүн компаниудын үйл ажиллагааг дэмжих, дуу хоолойг шаардлагатай газар хүргэх, татвар хөрөнгө оруулалтын орчны талаар судалгаа шинжилгээ хийдэг. Судалгааныхаа үр дүнг гишүүд байгууллагууд болон олон нийтэд мэдээлэх үүрэгтэй” хэмээн МБЗ-ийн гүйцэтгэх захирал Жим Двайер танилцууллаа.

Өмгөөллийн “И Эл Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баяр “Манай байгууллага хуулийн өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг. Нийт 30 гаруй ажилтантай. МБЗ-д гишүүнчлэлийн нэг сая гаруй төгрөгийн татвар төлдөг. Энэ бол бизнесийн зардал гэж боддог. Энэ нь бидний бизнест ч ашигтай юм” гэв.

А.ЦЭЭСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна