Нийтэд зориулаагүй нийтийн тээвэр

2016 оны 4 сарын 18

-Асуудал юунд байна вэ гэвэл нийтийн тээврийн унаанд нэг ч удаа сууж үзээгүй эрхмүүд нийтийн тээврийн зорчигчдод зориулж маршрут  гаргадагт байгаа юм-

Бас л Японы жишээ авья. Японд галт тэрэг цагаасаа хоцрох нь туйлын ховор. Галт тэрэг хоцорсон тохиолдолд үүнийг маш том хариуцлага алдсанд тооцдог. Галт тэрэгний кондуктор зүгээр л микрофоноо асаагаад  зорчигчдоос галт тэрэг хоцорсонд хүлцэл өчихийн оронд зорчигчдын бүхээгт очиж, зорчигч болгоны өмнө уучлал гуйн бөхийдөг.

Галт тэрэг ердөө тавхан минут хоцорсон байлаа ч зорчигч болгонд галт тэрэг хоцорсныг батлах бичиг хийж өгдөг.  Ингэснээр тэр өдөр ажил сургуулиасаа хоцорсон зорчигчид өөрсдийнхөө буруугаас болж хоцроогүй гэдгийг баталдаг байна.  Тэнд бусдын буруугаас болж  эвгүй байдалд орохыг байж боломгүй зүйл гэж үздэг.

Харин манайд галт тэрэг цагаасаа хоцрох, эсвэл цагаасаа өмнө хөдлөх тохиолдол гарч л байдаг. Тэглээ гээд хүмүүс гомдоллох нь ховор. Гомдоллосон нэгнийг харин тас загнаж ч мэднэ. Учир нь галт тэрэг хоцрохыг цаг агаарын юм гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл цаг агаарын үзэгдэл шиг хянаж болохгүй зүйл гэж ойлгодогтой холбоотой. 

Хотын хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл автобусны хувьд ч ялгаагүй. Зорчигчид автобус удаан хүлээсэн тухай хамгийн их гомдол гаргадаг. Гэхдээ бид энд Японых шиг таван минут хоцорсон тухай яриагүй гэдгийг та ойлгож байгаа биз дээ. Улаанбаатар хотод автобус хагас цаг хүлээх нь байдаг л зүйл. Наанадаж хагас цаг шүү дээ. Заримдаа цаг гаруй хүлээх тохиолдол ч байдаг. Гадаадынхан Монголчуудыг цаг барьдаггүй хүмүүс гэж ярихыг та сонсч байсан байлгүй. Монголд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн гадаадынхан харин цаг барьдаггүйн шалтгааныг үүнтэй холбон тайлбарладаг.

Энэ хүртэл уншсан  танд ч бас нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой  хангалттай олон гомдол байгаа байх. Магадгүй та нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгчдийг Японых шиг хариуцлагаа хүлээдэг болоосой гэж хүсч байгаа нь тодорхой. Гэхдээ хөөрхий автобусны жолооч, кондукторуудаар уучлал гуйлгах гэж бүү яараарай. Яагаад гэдгийг тайлбарлая.   

Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгсэл  бол хүрээгээ улам тэлж, хүн ам нягтаршиж буй хотын хамгийн хүнд ачааг нуруундаа үүрч буй цөөн салбарын нэг. Хотын төвөөс хамгийн алслагдсан дүүрэг, захын гэр хороолол, зуслан руу  явдаг шугамын урт нь нэг талдаа 35.5-51.5 км бөгөөд 135-150 минут орчим явна. Өдөрт ийм замыг 6-7 удаа тойрно. Автобусны жолооч нар халуун, хүйтний эрс тэс нөхцөлд, чимээ шуугиан, стресс бухимдалтай хамгийн хүнд нөхцөлд өдөрт -15-16 цаг ажилладаг ч тэдний ажлын хамгийн хэцүү нь хүссэн үедээ бие засах боломжгүйд байдаг. Ийм шалтгаанаар бид тэднийг урдаа зогсоон, уучлал гуйхыг шаардах боломжгүй юм.

Нийслэлийн нийтийн тээврийн газар нэгдүгээр 1-нээс ухаалаг төлбөрийн карт нэвтрүүлснээс хойш багагүй хугацаанд зорчигчид ямар ч өөрчлөлтөд хурдан дасан зохицож чадна гэдгээ харуулсан. Ухаалаг төлбөрийн системийг нэвтрүүлэхийн өмнө хамгийн санаа зовоож байсан асуудал нь зорчигчид нэг хаалгаар орж, нөгөө хаалгаар гарахад хэрхэн хурдан суралцах  бол гэдэг асуудал байв. Харин одоо нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаа зорчигчдоос арын хаалгаар дайрч байгаа хүн бараг л байхгүй. Ухаалаг төлбөрийн карт  зорчигч, кондукторын хооронд байсхийгээд үүсдэг үл ойлголцлийг арилгасан. Гэвч автобус  удаан хүлээдэг бэрхшээл арилсангүй. Ялангуяа  захын хорооллоос хотын төв ордог зорчигчдын хувьд нийтийн тээвэр толгойн өвчин хэвээр. Асуудал юунд байна вэ гэвэл нийтийн тээврийн унаанд нэг ч удаа сууж үзээгүй эрхмүүд нийтийн тээврийн зорчигчдод зориулж маршрут  гаргадагт байгаа юм. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор гаргасан шинэ маршрутаар олон богино рейсийн шугам гаргасан нь хотын төвдөө автобусны бөөгнөрөл үүсгэж, нөгөө талдаа гэр хорооллын зорчигчдод байнга хүндрэл учруулж байгаа билээ.

Эцэст нь нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар бүхээгтэй тамхи татахгүй, бас зорчигчдоо хагас цаг хүлээлгэхгүй л бол заавал Японых шиг уучлал гуйх шаардлагагүй.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна