Барилгын улирал-болгоомжлох үе

2016 оны 4 сарын 18

“Барилгын” улирал эхэллээ. Энэ үетэй давхцан барилгын салбарынхан энэ жил хэрхэн тооцоотой ажиллах вэ, тулгамдсан ямар асуудал байна вэ, ямар шинэчлэл хийх вэ, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн мөрдүүлэх вэ гэхчилэн олон асуудлаа хэлэлцэж байна. Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2016 өнөөдөр /2016.04.18/ Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болж байна.

 Барилгын улирал&хүний амь 

“Барилгын” улирал эхлэх, жил бүрийн өдийд иргэдийн хувьд ч “болгоомжийн” үе эхэлдэг гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн жил л гэхэд зөвхөн барилгын компаниудын аюулгүй байдлаа мөрдөөгүйгээс 13 хүний эрдэнэт амь эрсэдсэн. Тэгвэл барилгын салбарынхан энэ жил дээрх алдааг давтахгүйн тулд эрхзүйн хувьд шинэчлэл хийсэн нь томоохон ололт гэдгийг салбарын сайд нь онцолж байлаа. Тухайлбал, барилгын салбарынхныг даатгалд хамруулдаг болохоор хуульчилжээ. Шинэчилсэн найруулгад зааснаар барилгын гүйцэтгэгч нь барилгын ажилчдаа амь насны даатгалд хамруулахаар заасан байна. Мөн барилгын ажил гүйцэтгэх гэрээнд даатгалын асуудлыг тусгахаар хуульчилжээ. Тухайлбал, барилгын ажлын явцад осол гарч, энгийн иргэний амь нас, эд хөрөнгөд учирч болзошгүй хохирлыг даатгуулах юм байна.

Гэхдээ барилгынхныг даатгалжуулах ажил хараахан эхлээгүй. Ямартай ч ойрын хугацаанд хэрэгжилтийг хангана гэдгийг Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хэллээ.  

Тэгвэл дараагийн нэгэн өөрчлөлт нь аливаа осол, зөрчилд тавих хяналтыг чангатгажээ. Жишээ нь өмнөх хуулиар хөдөлмөрийн аюулгүй байдал мөрдөөгүй иргэнийг 250-500 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг 1-2 сая төгрөгөөр торгоод өнгөрдөг байжээ. Гэтэл бүхэл бүтэн барилга, орон сууц барьсан аж ахуйн нэгжид энэ нь үүргээ ухамсарлах хэмжээний торгууль болж чаддаггүй байжээ. Харин шинэчилсэн найруулгаар торгуулийн хэмжээг доод тал нь хоёр сая болгосон байна.

 Санхүүжилтээ авъя аа сайд аа? 

Зөвлөгөөний үеэр барилгын компаниудын зүгээс санхүүжилтийн асуудлыг ихээр хөндөн тавьж байлаа. Барилгын компаниуд улсын хөрөнгөөр санхүүжүүлэх ажил аваад, гүйцэтгэсэн ч мөнгийг нь эргэж олгодоггүй. Ийм нөхцөлд орсон маш олон компани бий юм байна. Энэ талаар ч салбарын сайд нь дурдсан. Улсын төсөв, гадаадын  тусламж, концессын гэрээгээр санхүүжилтээ шийдэх нөхцөлтэйгөөр 80 хувиас дээш ажлаа хийсэн компаниуд сүүлийн хэдэн жил олширчээ. энэ талаар барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Ийм олон компани бий. 80 хувиас дээш гүйцэтгэлтэй ажлын санхүүжилтийг векселиэр шийдэхээр Сангийн яамтай тохиролцсон. Удахгүй засгийн газрын хурлаар ороод шийдэгдэнэ” гэх тайлбарыг өглөө.

 14 дүгээр сургуулийг энэ жил барина 

Зөвлөгөөний үеэр насжилт нь дуусч, дахин төлөвлөх шаардлагатай болсон сургууль, цэцэрлэгийн асуудлыг ч онцоллоо. Насжилт нь аль хэдийн дууссан ч хэдэн зуун хүүхдийн хувь заяаг үл хайхран, үйл ажиллагаа явуулсаар байдаг сургууль, цэцэрлэг нийслэлд л гэхэд олон бий. Сургууль нь хэсгээсээ нурж, аюулын дохио өгсөн тохиолдолд л дахин төлөвлөх асуудал яригддаг. Тэгвэл үүний нэг жишээ болсон 14 дүгээр сургууль. Тус сургуулийг одоогоос гурван жилийн өмнө акталсан ч өнөөдрийг хүртэл барилгын ажил эхлээгүй. Энэ талаар БСШУЯ-ны хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн албаны дарга О.Мөнхбаярын мэдээллээр 14 тэргүүтэй, насжилт дууссанаас акталсан нийтдээ дөрвөн сургуулийн барилгын ажил энэ жил эхлэх юм байна. Тухайлбал, 14,32,38, 73 дугаар сургуулийг буулгах ажил дууссан гэв. Ингээд энэ тавдугаар сард багтаж барилгын ажил эхлэхээр болжээ. Эдгээр ажлыг концессын хөрөнгөөр шийдвэрлэж байгаа аж.

Үүнээс гадна энэ жил улсын хэмжээнд 17 сургуулийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэлээ. Харин нийслэлд зургаан цэцэрлэгийн барилга энэ жил ашиглалтад орох юм байна.

Барилгын салбарт авлига оршсоор...

Барилгын салбарынхны санаа зовж буй бас нэгэн асуудал нь авлигын үзүүлэлт. Авлигын хэмжээ энэ салбарт сүүлийн жилүүдэд буурсан үзүүлэлт харагдахгүй байгаа аж. Авлигатай тэмцэх газрын өгч буй мэдээллээр барилгын салбарт тусгай зөвшөөрөл олгох, барилга барих, газар олголтын шатанд хамгийн их авлига авдаг байна. Энэ нь эргээд барилгын салбарын, ялангуяа төрийн байгууллагын тогтолцоо, зохион байгуулалттай холбоотой гэлээ. Тухайлбал, тусгай зөвшөөрөл олгох шат дамжлага удаан, ил тод байдаггүй зэрэг нь авлига авахад хүргэдэг байна.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА

Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна