ХААН Банкны дэргэдэх Акробат уран нугаралтын “Анжелс” төв, “Шонхоодой” ардын цирктэй хамтран тоглолт зохион байгууллаа

2016 оны 4 сарын 18

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, ХААН Банкны дэргэдэх акробат уран нугаралтын “Анжелс” төв, Дархан-Уул аймгийн “Шонхоодой” ардын цирктэй хамтран Сонгинохайрхан дүүргийн 9, 65, 67, 104-р дунд сургуулийн нийт 150 хүүхэд багачуудад циркийн сонирхолтой хөтөлбөрийг үнэ төлбөргүй толилуулж, гарын бэлэг гардууллаа.   

Акробат, уран нугаралтын “Анжелс” төв нь 2007 оноос эхлэн ХААН Банктай хамтран ажиллаж хотын захын гэр хорооллын хүүхэд багачуудад циркийн сонирхолтой хөтөлбөрөөр бэлэг барьж ирсэн бол энэ удаад Дархан хотоос зорьж ирсэн “Шонхоодой” ардын цирктэй хамтран бэлтгэл сургуулалт хийж, цоо шинэ тоглолтыг танилцуулснаараа онцлогтой байлаа.

“Шонхоодой” ардын цирк нь 2005 оноос эхлэн амьжиргааны түвшин доогуур орлоготой айлын хүүхдүүдийг үнэ төлбөргүй циркийн сургалтанд хамруулан өөрийн авъяас билгээ нээхэд туслан ажиллаж байгаа юм.

Дархан–Уул аймгийн “Шонхоодой” ардын циркийн захирал, багш Т.Төмөр:

Манай циркийн хүүхдүүд хэдийнээ уран бүтээлч сэтгэлгээтэй болсон. Анх циркийн талаар ямар ч ойлголтгүй хүүхдүүдийг авч сургаж байлаа. Одоо манай циркийн хүүхэд багачууд үзэгчдээс ирэх талархал, алга ташилтаар урам авч, улам илүү хичээл зүтгэлтэй болж, циркийн урлагт дурлах болсон. Ирээдүйд эх орныхоо нэрийг гаргах авъяаслаг уран бүтээлчид “Шонхоодой” ардын циркээс төрнө гэдэгт итгэлтэй байна. Урлаг өөрөө хүнийг сургаж, хүмүүжүүлж, тэвчээр хатуужилтай болгодог. Циркийн урлагаар дамжуулан хүүхдүүд амжилтынхаа хаалгыг нээнэ гэж би боддог. Биднийг ХААН Банкны дэргэдэх Акробат уран нугаралтын “Анжелс” төвөөс дэмжин Турк улсад аян тоглолт хийхэд туслалцаа үзүүлж байгаа. Удахгүй бид Монголынхоо циркийн урлагийг танилцуулахаар аяны жолоо залах гэж байна. Энэ нь “Шонхоодой” ардын циркийн хүүхдүүдийн амьдрал хэдэн алхамаар урагшлах боломж олгож байна. Биднийг бэлтгэл сургуулалт хийх боломж нөхцөлөөр дэмжин ажилласан ХААН Банкны хамт олонд талархал илэрхийлье.

ХААН Банкны дэргэдэх Акробат уран нугаралтын Анжелс төвийн захирал, найруулагч Б.Оргилболд:

Энэ жил Монголд циркийн урлаг үүсч хөгжсөний 75 жилийн ой тохиож байна. Үүний салхийг хагалж ХААН Банк Сан, ХААН Банкны дэргэдэх акробат уран нугаралтын “Анжелс” төв, Дархан-Уул аймгийн “Шонхоодой” ардын циркээс хамтран уг үйл ажиллагаа зохион байгууллаа. Үзэгч хүүхдүүдийн сэтгэгдэл өндөр байна. Бидний тоглолт үзэгч багачуудад циркийн урлагийг таниулахад тус нэмэр оруулсан гэж найдаж байна. Цирк түүнийг үзэж сонирхож буй үзэгчдээсээ дараагийн залуу халаагаа бэлтгэдэг. Иймд хүүхэд багачуудын урлагийн мэдлэгт хувь нэмэр оруулж, бага насны нандин дурсамжийг нэгээр нэмсэн тоглолт боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна