Хот хөдөөд хавчуулагдсан орхончууд

2016 оны 4 сарын 18

 

-Хот хөдөөгийн дундах зэрэмдэг тогтолцооноос иргэд хохирч байна-

Монгол Улс шиг нийслэлээсээ өөр хотгүй улс энэ дэлхийд үгүй.  Хэнтийн ИТХ-ын төлөөлөгчдийн шийдвэрээр саяхан мэндэлсэн Чингис хотыг эс тооцвол, тэр шүү дээ.  Урьд нь Улаанбаатартай уралдан хөгжиж хөл дээрээ тогтсон Дархан, Эрдэнэт гэх ихэр хоттой байсан. Тэдгээр хотуудыг Дархан-Уул, Орхон аймаг болгон өөрчилснөөс хойш манай улс  хотгүй шахам улс болон хувирсан билээ. Орхон аймгийнхан аймгаа  урьдын адил Эрдэнэт хот болгох тал дээр санаа нэгддэг бөгөөд  цахим санал асуулгад  Эрдэнэтчүүдийн 94 хувь нь дэмжжээ. Тиймээс ч саяхан  “Үндсэн хуулийн өөрчлөлт ба Эрдэнэт хотын статус” сэдэвт хэлэлцүүлгийг  тус аймгийн ИТХ-аас зохион байгуулсан байна.

Орхон аймгийг Эрдэнэт хот, Дархан-Уулыг Дархан хот болгон өөрчлөх шаардалга амьдралаас урган гарсан гэж хэлж болно. Бусад аймгуудын зарим  сум, ялангуяа алслагдсан сумдад  хүн амын тоо нь 2-3 мянгаас хэтэрдэггүй.  Тэдгээр сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц Орхон аймгийн 90 гаруй мянган хүнтэй Баян-Өндөр сумын сумынхтай ив ижилхэн байх жишээтэй. Орхон аймагт нэг багийн хүн амын тоо 2000-аар тогтохгүй олон.  2000 хүнтэй хөдөөгийн суманд газрын даамал ганцхан байхад ямар ч асуудалгүй. Харин 90 гаруй мянган хүн амтай Баян-Өндөр сумын хувьд байдал өөрөөр эргэнэ. Ажлаа дийлэхгүй газрын даамал ганцаардаж, 10-20 мянган өргөдөлд дарагдан суудаг ажээ. Түүнчлэн хөдөө сумдын багш нар хөдөө ажилласны төлөө  олгодог тэтгэмжийг авч байхад Баян-Өндөр сумын багш хот хөдөөгийн завсрын зэрэмдэг тогтолцооноос болоод тэтгэмжээс хасагдана. Тэр бүү хэл малын хөлийн татвар бэлчээрээ бодоод нөхөр нь Булган аймгийн харъяат хэвээр үлдэж,  чанартай  боловсрол, эрүл мэндийн  үйлчилгээг авахаар эхнэр нь Орхон аймгийн харъяат болчихсон байх нь энүүхэнд ажээ.  Эхнэр нөхөр хоёрыг хүртэл гэр дотор нь хуваачихдаг энэ хачирхалтай тогтолцоог халах гарц нь Эрдэнэтийг буцаагаад хотын статустай болгох  юм.

Тэрхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн М.Батчимэг Орхон аймгийн АН-ын даргын хувиар оролцож, иргэдийн санаа бодлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.  Түүний хувьд хэдэн жилийн өмнөөс эл асуудлыг ярьж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар үгээ хэлж, зүтгэлээ зориулж явсныг нь хэвлэлд өгсөн ярилцлагынх нь огноо харуулна.  Гэтэл тус аймгийн МАН-ын гишүүд хэлэлцүүлгийг эсэргүүцэж, иргэдийнхээ санааг ард нийтийн санал асуулгад тусгахаар хийсэн ажлыг нь буруутгасан талаар аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид харамсан өгүүлж байна.

Хотуудынхаа статусыг үгүйсгэсэн хууль баталснаараа монголчууд орчин үеийн соёл иргэншлийн хөдөлгөгч хүч, улс орнуудын нүүр царай, дүр төрх болсон “хот” гэсэн ойлголтыг зөвхөн нийслэлд хувьчилж өгсөн гэж Орхоныхон үздэг байна.  Тиймээс ч Эрдэнэт хотын статусыг сэргээх  асуудлаар хамгийн дорвитой ажил хэрэгч, бодитой алхам хийжээ. Гэтэл энэ бүхнийг үгүйсгэх зорилго өвөрлөсөн МАН-ын гишүүд дунд  цагтаа “Би сонгогдвол Эрдэнэт хотыг хотын статустай болгоно”  гэж амлаж явсан Д. Дамба-Очир багтсан байх юм. Тэрбээр хот хөдөөгийн завсарт хавчуулагдсан  Эрдэнэтийнхний зовлонг хамгийн ихээр мэдэх хүний нэг. Гэвч УИХ-ын гишүүн байх үедээ ордны хоолтойгоо  холиод идсэн үү,  олон тендерийнхээ дунд будлиад мартсан уу бүү мэд. Ямартай ч одоо огт өөр өнцгөөс огт өөр зүйл ярьж  нутгийнхнаа гомдоожээ.

Д.Цээнэ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна