Зэвсэгт хүчний ”Алдар”-ын тамирчид цуглуулгаараа үзэсгэлэн гаргалаа

2016 оны 4 сарын 18

Эх орныхоо нэрийг тив, дэлхийд цуурайтуулсан олон арван тамирчид, дасгалжуулагчдыг эгнээнээсээ төрүүлсэн “Алдар” спорт хороо нь Зэвсэгт хүчний төдийгүй Монгол Улсын спортын ууган байгууллагын нэг бөгөөд үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд "Алдар"-ынхан хэд, хэдэн бүтээлч ажил хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь үзэгчдийн хүртээлд очив. "Монгол цэргийн музей"-тэй хамтран багш, дасгалжуулагч, тамирчдынхаа цуглуулгын хоббиг дэлгэж байна. Тэсвэр тэвчээрийн оргил болсон спортынхон-тамирчид маань дасгал сургуулилт, бэлтгэл хийх нөр их хөдөлмөрийн хажуугаар өдөр тутмын дадлага сургууль, ажил мэргэжил, спортын төрөл чиглэл болон өөрсдийн хүсэл сонирхолын дагуу чухам ямар зүйлийг сонирхон цуглуулдаг "Монгол цэргийн музей"-д дэлгэсэн "Алдар 70 жил-Хобби" үзэсгэлэнгээс үзэх боломжтой юм. Үзэсгэлэнгийн нээлтэд Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр, "Монгол цэргийн музей"-н дарга, дэд хурандаа Ж.Гантулга, "Алдар" спорт хорооны багш дасгалжуулагч, тамирчид, Зэвсэгт хүчний зарим ангийн удирдлагууд, сонирхогч ард иргэд оролцлоо. Үзэсгэлэнг нээж хурандаа Г.Өсөхбаяр "Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь үүсгэн байгуулагдсанаас өнөөг хүртлэх хугацаандаа Монголын мянга мянган залуус, цэрэг эрсийн бие бялдар, өв тэгш хүмүүжлийг хангахын зэрэгцээ Монгол улс, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг Олон улс, тив, Дэлхий, Олимпийн тавцанд мандуулж Монголын нийгмийг урагшлуулан манлайлагч, уриалан дуудагч, шинэчлэгч,хүчин байж, эгнээнээсээ олон арван Ардын болон Гавьяат цолтон, Аварга, арслан, гарьд, заан, начингуудыг төрүүлэн, Монгол улсын спортын анхдагч тэргүүлэгч байгууллага хэмээх эрхэм хүндийг өндөрт өргөн түүхэн үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн. Манай залуус түүхт 70 жилийнхээ ойн хүрээнд олон бүтээлч ажил хийж хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь өнөөдрийн үзэсгэлэн юм. Манай "Алдар"-ын олон тамирчин Рио-2016 оны олимпийн эрхээ аваад байна. Энэ бол олимпод орохоор эрхээ аваад байгаа нийт тамирчдын бараг тал хувыг нь манай Зэвсэгт хүчний тамирчид эзэлж байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр Монгол Улс түүхэндээ анх удаа таэквондогийн төрлөөр оролцох эрх авлаа. Энэ нь "Алдар"-ын тамирчин, ОУХМ П.Тэмүүжин байлаа" хэмээн онцолсон. Үзэсгэлэнгээс дурьдвал "Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаярын бугуйн цагны цуглуулга, спорт хорооны дэд дарга хурандаа Д.Цог-Эрдэнийн 100 гаруй хонхны цуглуулга, буудлагын дасгалжуулагч Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч, дэд хурандаа Л.Ундралбатын спортын 17 төрийн гар буу, Жүдо бөхийн дасгалжуулагч, Олон Улсын Хэмжээний мастер, ахмад Д.Батсайханы 500 гаруй зоосон мөнгийг дэлгэсэн байлаа. Мөн үндэсний сурын дасгалжуулагч, улсын мэргэн, ахмад Д.Норжмаа, байтын дасгалжуулагч спортын мастер, дэслэгч Б.Ганзориг нарын нум сум, байтын нумны цуглуулга, дугуйн тамирчин, чөлөөт бөхийн ахмад дасгалжуулагч, шүүгч Б.Баясгалангийн 80 гаруй зангиа, спортын холбогдолтой тэмдэг, бэлтгэл дэд хурандаа П.Бямбаагийн 400 гаруй сум, асаагуур, Олон Улсын хэмжээний мастер, ахлах ахлагч Т.Төгөлдөрийн спортын 10 гаруй дугуй, Хөнгөн атлетикийн тамирчин дэд ахлагч Ц.Бямбажавын 20 гаруй пүүз, таеквондогийн дасгалжуулагч, Олон Улсын хэмжээний мастер Н.Эрдэнэбаатарын бэлтгэлийн хувцас байна. Боксын туслах дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер, ахлах ахлагч Ж.Отгонбаярын боксын бээлийнүүд, чөлөөт бөхийн Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч Ц.Хосбаярын хөл бөмбөгийн фанатын цуглуулга зэрэг 14 төрлийн 1000 гаруй цуглуулга дэглэгдлээ. 

Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Зэвсэгт хүчний алба хаагчид болон анги байгууллагыг сурталчилахын зэрэгцээ цуглуулгатай байх явдал нь хувь хүний хүмүүжилд хэрхэн эерэг нөлөөлөл үзүүлж, аливаа зүйлийн үнэ цэнийг мэдрэх, хүндэтгэлтэй хандах зэрэг хүмүүжлийн болоод боловсрол, танин мэдэхүйн өргөн мэдлэгтэй болох, өөрийн сонирхсон сэдэв, эрхэлдэг ажил мэргэжил, сонирхлоороо дамжуулан шинжлэх ухаан, түүх, гадаад хэлний мэдлэг дээшлэх танин мэдэхүйн чухал ач холбогдолтой болохыг сурталчилан таниулах нь энэ үзэсгэлэнгийн гол ач холбогдол юм. Та Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчдын цуглуулгыг 14 хоногийн туршид үзэх боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна