ОХУ-ын 200 баян бизнесменийг нэрлэв

2016 оны 4 сарын 18

ОХУ-ын хамгийн том нийгмийн сүлжээ “ВКонтакте”-г үндэслэж, мессежинд зориулж Телеграм эпликейшн гаргасан бизнесмен Павел Дуровыг Оросын Форбес сэтгүүл тус улсын хамгийн баян 200 бизнесмений нэг гэж нэрлэжээ. 0.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Павел Дуров Форбес сэтгүүлээс нэрлэсэн ОХУ-ын хамгийн баян 200 бизнесмений 135-т бичигджээ.

Оросын баячуудын жагсаалтанд шинээр нэмэгдсэн бас нэг хүн бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хүргэн  Кирилл Шамалов гэнэ. ОХУ-ын хамгийн том петрохимийн үйлдвэрийн хувьцааг эзэмшдэг Кирилл Шамаловыг 1.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж Форбес сэтгүүл бичсэн байна.

Оросын баян бизнесменүүдийн жагсаалтыг 14.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байгалийн хийн “Новатек”, “Сибур” компанийн хамтран эзэмшигч Леонид Микелсон тэргүүлжээ.

Жагсаалтыг 13.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, Альфа Группийн үндэслэгч, хамтран эзэмшигч Михаил Фридман удаалжээ. Фридманы дараа 12.5 ам.долларын хөрөнгөтэй, ОХУ-ын хүдрийн хамгийн том үйлдвэрлэгч “Металинвест”-ын эзэн Алишер Усманов бичигдсэн байна. 

Харин өнгөрсөн жил баячуудын жагсаалтыг тэргүүлж байсан металлын магнат Владимир Потанин 12.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр энэ жилийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ.

Оросын баян бизнесменүүдийн жагсаалтад дампуурлаа зарласан ”Юкос” компанийн хувьцаа эзэмшигч асан Михаил Ходорковский, Платон Лебедев нарын нэр ч мөн багтжээ. Михиал Ходорковскийн нэр 2005 оноос хойш энэ жагсаалтаас хасагдаагүй гэнэ.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна