Дилма Русефт итгэл үзүүлсэнгүй

2016 оны 4 сарын 18

Бразилийн парламентын доод танхим Ерөнхийлөгч Дилма Русефийг засгийн газрын нэр дээр хуурамч данс үүсгэсэн хэрэгтэй холбоотойгоор итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, парламентын гишүүдийн гуравны хоёр нь огцруулахыг дэмжсэн байна. Ерөнхийлөгч Дилма Русефт итгэл үзүүлэх эсэх асуудлыг тус улсын  парламентын дээд танхим Сенатын чуулганаар эцэслэн шийдвэрлэх юм. Дилма Русефийн нэр холбогдсон хуурамч данс нээсэн хэргийн шүүх хурал ирэх сард болох ажээ. Ажиглагчдын таамаглаж буйгаар Сенатын танхим Дилма Русефийг огцруулах нь бараг тодорхой болжээ. Дилма Русефийг огцруулах саналыг Сенатад хүргэхэд сөрөг хүчинд 342 санал хангалттай байсан ч доод танхимын 367 гишүүн ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжиж, 167 нь татгалзсан байна.

Бразилийн сөрөг хүчнийхэн Дилма Русефийг засгийн эрх барих боломжгүй гэж үзэж байгаа бол хатагтай ерөнхийлөгч сөрөг хүчнийг төрийн эргэлт хийхийг санаархаж байна гэж буруутгаж байгаа гэнэ.

Ерөнхийлөгч Дилма Русефийн рейтинг ингэж унасныг ажиглагчид Бразилийн эдийн засгийн хямрал гүнзгийрсэн болон эрх баригч Хөдөлмөрийн намын гишүүд төрийн өмчит газрын тосны “Петробас” компанитай холбоотой авлигын хэрэгт нэр холбогдсоноор тайлбарлаж байгаа юм.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна