“Хэвлэлийн төв”–д хамтран ажиллах байгууллагыг сонгон шалгаруулна

2016 оны 4 сарын 18

АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсэг 4 дүгээр сарын 18-нд ГХЯ-нд ээлжит хурлаа хийж “Хэвлэлийн төв”-ийн түрээсийн гэрээ байгуулах, уг төв дээр хамтран ажиллах байгууллагыг сонгох, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, сэтгүүлчдийн нэгдсэн зохион байгуулалт хариуцсан дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

АСЕМ-ын Дээд түвшний хурлыг сурвалжлах гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулж “Шангри Ла” зочид буудалд “Хэвлэлийн төв”–ийг байгуулахаас гадна шууд болон дахин дамжуулалт хийх 14 цэгийг тогтоогоод байна. Хэвлэлийн төв байгуулахад шаардлагатай техник тоног төхөөрөмжийг худалдан авах, түрээсээр авч ашиглахтай холбогдуулан хамтран ажиллах, туслан гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах тухай өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд сонгон шалгаруулалтын товыг тогтох асуудлыг Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр боллоо. Сонгон шалгаруулалтын товыг тогтмогц АСЕМ-ын албан ёсны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд зарлах аж.  

Хэвлэл мэдээллийн төв байгуулах, гадаад дотоодын сэтгүүлчдийг зохион байгуулах, Европын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран ажиллах асуудалд зөвлөгөө өгөхөөр Европын холбооны хэвлэл мэдээллийн асуудал эрхэлсэн зөвлөх, ноён Бьорн Янсен манай улсад уригдан ирээд байгаа юм. Тэрбээр энэ долоо хоногт АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанд ажиллаж, Дээд түвшний уулзалтыг сурвалжлах хэвлэл мэдээллийнхнийг зохион байгуулах асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгч, зарим телевизийн удирдлагуудтай уулзаж санал солилцоно.

Европын өргөн нэвтрүүлгийн холбоо нь 56 орны 73 байгууллагыг  эгнээндээ нэгтгэсэн, 2010 онд Брюссель хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд түвшний 8 дугаар уулзалт, 2014 онд Миланд болсон АСЕМ-ын дээд түвшний 10 дугаар уулзалт, Лондонгийн зуны олимп, “Евровишн” хөгжмийн наадам зэрэг арга хэмжээний шууд дамжуулалт, хэвлэлийн төвийн техник, зохион байгуулалтыг хариуцан ажилласан туршлагатай байгууллага юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна