“Цог” сэтгүүлийг сэргээжээ

2016 оны 4 сарын 18

МЗЭ-ИЙН Удирдах зөвлөл Бага чуулганд бэлтгэхдээ "Цог" сэтгүүлийг шинэчлэн гаргах шийдвэр гаргажээ. Уг сэтгүүлийг тогтмол улирал бүр нэг дугаар гаргах юм. Эхнийх нь энэхүү шинэ дугаар бөгөөд жилд  дөрвөн  дугаар гарна. Сэтгүүлийн эрхлэгчээр МЗЭ-ИЙН гүйцэтгэх захирал Г. Мөнхцэцэг ажиллах юм байна. Шинэ дугаарт Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Лодонгийн Түдэвийн "Монгол амрагийн дуу" сонирхолтой эсээ, МУСГЗ, орчуулагч, судлаач Г.Акимын "Алтай таван богд алдартай туульс аа хайлав уу" хэмээх / Туульс хайлсан уулс номын нь үргэлжлэл/ тэмдэглэл судалгааны бичлэгийн хэсэг, МУСГЗ Г.Мэнд-Ооёогийн бичвэр, МУСГЗ С.Пүрэвийн "Анхны хайрын захиа" өгүүллэг тэргүүтэн болоод уламжлал булангууддаа яруу найрагч, орчуулагчдын шилдэг бүтээлийг толилуулсан байна.

Олны сонирхлыг татдаг "Оч" буландаа авьяаслаг залуу яруу найрагч Э.Бүжинлхамын шинэхэн шүлгүүдийг тавьсан нь сонирхол татна. Мөн ярилцлагын шинэ буландаа нэрт орчуулагч, МУСГЗ Ц.Гомбосүрэнтэй хийсэн яриа, гадаадын зохиолчдын бүтээл, МЗЭ-ийн гадаад харилцаа зэрэг нэн сонирхом материалаар баялаг. "Цог" сэтгүүлээ хэзээ ч таслахгүй, бусдын хараат болгон мөнгө төгрөгийн гачаалд оруулахгүй гэдгээ МЗЭ-ИЙН удирдлагууд Бага чуулганы гишүүдэд амлав. Харин "Цог" сэтгүүлийн анх гарсан он сар, өдгөө нийт гараад буй дугаарын огноо болон дэс тоог орхигдуулсан тул дараагийн дугаартаа сэргээн бичихийг Бага чуулганы гишүүд зөвлөсөн байна.

Д.ЦЭЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна