Хуучин хүмүүсээ сойх уу?

2016 оны 4 сарын 19

“Сонгууль-2016” тулааны өнгийг тойргоор нь долоо хоног бүр тоймлон мэдээлж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог буюу Сүхбаатар дүүрэгт хэн, хэн нэр дэвшихээр бэлтгэл хангаж байгааг тоймлолоо.

Сонгуулийн хуульд өөрчлөлт орж болзошгүй нөхцөл байдал үүссэн нь намын нэрсийн жагсаалт горилж суусан нөхдөд цохилт өгч, тойрог горилж суусныг нь баярлуулж эхэлжээ. УИХ 2011 онд УИХ-ын сонгуулийн хуулийг шинэчлэхдээ холимог тогтолцоог “шигтгэж” 76 гишүүний 48 нь тойргоос, 28 нь намын нэрсийн жагсаалт /пропорциональ/-аар сонгогдох хувилбар оруулсан. Ингэснээр УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойргийн мандат нэгээр хумигдаж, хоёр болсон юм. УИХ-д тус тойргийг төлөөлөн Р.Амаржаргал, Л.Гантөмөр нар сууж байна. Ардчилсан нам, МАН-аас дээрх тойрогт хуучин хүмүүс нэр дэвших чиглэлтэй байна.

Ардчилсан нам

Гурван шатны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, парламентад сонгогдсон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр тойргоо сольж, Увсад нэр дэвшиж магадгүй тухай яриа гарсан ч хуучнаасаа хөдлөхгүй байхаар шийдсэн гэх. Харин Р.Амаржаргал гишүүний тухайд хэрхэх нь тодорхойгүй байгаа юм. Тэрээр 2012 оны УИХ-ын сонгуульд тус дүүрэгт өрсөлдөн ялалт байгуулснаас зургаан сар орчмын дараа УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлт гаргаж дуулиан тарьсан удаатай. Монголын парламентад намынхаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандан УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлт гаргасан тохиолдол урьд өмнө байгаагүй. Гэхдээ Ардчилсан намын бүлэг түүнийг сонгогчдын итгэлийг хүлээж парламентад сонгогдсон учраас зөвхөн өөрийн хүслээр УИХ-ын гишүүнээсээ татгалзах эрхгүй хэмээн үзэж, УИХ-ын гишүүнээр нь үлдээж байв.

Мөн тойрогт Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нэр дэвшин өрсөлдөж магадгүй тухай мэдээлэл байна.

МАН

Ардын нам дээрх тойрогт экс сайдуудаа нэр дэвшүүлэх чимээ дуулдана. Горилогчид ч эртнээс бэлтгэл ханган, Сүхбаатар дүүргийн МАН-ын хороог удирдах болсон байна. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатар тус хороог удирдах болсон нь фракц нэгтэй Ерөнхий сайд асан Сү.Батболдтой хамтдаа өрсөлдөхөөр болсонтой холбоотой гэнэ.

УИХ-ын гишүүн Сү. Батболдын хувьд Сүхбаатар шинэ тойрог биш 2004 оны УИХ-ын сонгуулиас эхлэн хоёр ч шатны сонгуульд дараалан нэр дэвшиж парламентад сонгогджээ. 2012 онд МАН-ыг удирдаж байсан учраас намын нэрсийн жагсаалтад бичигдэн УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон аж. Харин одоо хуучин тойрогтоо дахин өрсөлдөх нь.

Мөн 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөөд ялагдаж байсан “Хас”-ын Ч.Ганхуяг, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа нар даагаа дахин нэхэж магадгүй нь. Ц.Цогзолмаагийн хувьд “Хот”-ын фракцад харьяалагддаг, мөн эмэгтэйчүүддээ нэр дэвших боломж олгох гэдэг утгаараа “ногоон гэрэл”-ээр нэр дэвших виз авч мэдэх ч тойрог хатуудаж мэднэ гэх болгоомжлол байна. Гэхдээ өмнө нь Сүхбаатар дүүргийг удирдаж байсан учраас дахин үзээд алдахад буруудахгүй гэх хүн ч байгаа юм.

Сонгуулийн хуульд өөрчлөлт орж, пропорциональ тогтолцоо халагдвал мандатын тоо нэмэгдэх ч МАН МАХН-тай 2016 оны УИХ-ын сонгуульд эвсэж орох шийдвэр гарвал нэг мандатад нь Н.Энхбаярын намаас нэр дэвшигч өрсөлдөх эрхтэй болж, өрсөлдөөнийг ширүүн болгож мэдэхээр байна.

УИХ-д сонгогдож байсан түшээд хэн бэ?

2012 онд

  • Р.Амаржаргал, Л.Гантөмөр/АН/

2008 онд

  • С.Баяр, Сү.Батболд/МАН/, Л.Гантөмөр/АН/

2004 онд

  • Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд/МАН/, Л.Гантөмөр/АН/

2000 онд

  • Ц.Баасанжав, Н.Болормаа, Ц.Дашдорж/МАХН

1996 онд

  • Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг/АН/, Д.Баттулга/Ах эвсэл/

1992 онд

  • Ж.Уртнасан, Ц.Ганбат, Ц.Товуусүрэн/МАХН/

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна