Тавдугаар сард нэр дэвшигчээ тодруулна

2016 оны 4 сарын 19

Өнөөдөр дөрөвдүгээр сарын 19. Шинэ оны өмнө батиалсан Сонгуулийн хуульд зааснаар дөрөдүгээр сарын 20 гэхэд намууд Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө аудитаар баталгаажуулсан байх ёстой.

Дөрөвдүгээр сард:  

-Аймаг нийслэлийн сонгуулийн хороог СЕХ байгуулна. Энэхүү байгуулагдсан хороо нь тухайн сум дүүргийнхээ сонгуулийн хороог байгуулахаар хуульд заасан байна.

-Гадаадад байгаа иргэдийн саналыг авах сонгуулийн хороо, комисс байгуулагдана.

Тавдугаар сард:

-Нам эвслээс УИХ-ын гишүүнд нэр дэвших ажил тавдугаар сарын 5-9 хооронд болно. Бие дааж нэр дэвших ажил тавдугаар сарын 5-11 хооронд явагдана. Энэ үеэр аймаг нийслэлийн ИТХ-д нэр дэвших ажил давхар явагдана.

-Бие даан нэр дэвшигчид болон нам эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа явагдана. Бүртгэх эсэх шийдвэрийг СЕХ гаргах юм байна. Аймаг нийслэлийн ИТХ-д нэр дэвших эсэхийг тухайн аймаг дүүргийн Сонгуулийн хороо гаргах аж.

Зургаадугаар сард:

-Нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна.

-УИХ-ын чуулган хуралдаж санал авах өдрийг 2016 оны зургаадугаар сарын 29-нд байхаар тогтоосон. Энэ өдөр лхагва гаригт тохиож байгаа учраас амралтын өдөр болгох аж.

Өмнө нь үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа хийдэг байсан бол энэ удаад сонгууль болохоос 18 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 11-нээс сурталчилгаа хийх эрх нээгдэж байгаа юм.

Санал авах ажиллагаа:

-Санал хураалт гадаад улсад амьдарч байгаа иргэдээс эхэлнэ. Зургаадугаар сарын 17-19 өдрүүдэд үргэлжилнэ. Цагийн хуваарь: 07-22 цаг..

-Өвчтэй, өндөр настай хүмүүсээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажил зургаадугаар сарын 28-нд явагдана. Санал авах цагийн хуваарь 09-22 цагийн хооронд авна.

-Улс орон даяар санал авах ажиллагаа зургаадугаар сарын 29-нд эхэлнэ. 07-22 цаг хүртэл УИХ болон аймаг нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа үргэлжилнэ.

Энэ нь 2012 оны санал авч байсан цагаас хоёр цагаар нэмэгдэж хуульчлагдсан байна. Гадаадад байгаа иргэдийн саналыг тоолох ажиллагаа зургадугаар сарын 29-нд СЕХ-ын зааланд явагдах юм байна. Мөн аймаг нийслэл дүүргээс мэдээгээ авч эхний урьдчилсан тооллогын дүн тус өдрийн 01. 00 цагт гарна гэсэн тооцоололтой байна.

Санал авах ажиллагаа дууссаны дараа долоо, наймдугаар сард хийх ажлыг хуульд тусгасан. Үндсэндээ арваннэгдүгээр сарын 20 гэхэд сонгуулийн ажил дуусна гэж СЕХ-ноос мэдэгдэж буй.

Ямар тохиолдолд нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах вэ?

Хуульд заасан үндэслэлээр зөрчил гаргасан бол бүртгэхгүй. Жишээ нь бэлэн мөнгө тараасан, дайллага, цайллага, гадаад дотоодод явуулсан гэдэг нь тогтоогдвол СЕХ эргүүлэн татна.

УИХ болон аймаг нийслэлийн сонгуульд хэдэн нэр дэвшигч өрсөлдөх вэ?

Өмнөх 2012 оны сонгуульд УИХ-ын гишүүнд  540 нэр дэвшжээ. Аймаг нийслэлийн сонгуульд 2200 орчим хүн нэр дэвшсэн байдаг. Харин  энэ жилийн тухайд намуудын тоо өссөн учир нэр дэвшигчдийн тоо нэмэгдэх магадлалтай. Хамгийн сүүлд  Тусгаар тогтнол эв нэгдлийн намын даргаа Г.Уянга томилогдож,  Х.Баттулга, Л.Цог болон Х.Цагаанбаатар тус намаас нэр дэвшихээр болсон гэх албан бус мэдээлэл байна.

Нийт хэдэн хүн санал өгөх вэ?

Нийтдээ  хоёр сая иргэн санал өгөх тооцоо гарчээ.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна