Экспортлогчдын ээлжит мухардалт

2016 оны 4 сарын 19

Газрын тосны экспортоор тэргүүлэгч орнууд Катарын Доха хотод уулзаж,  нийлүүлэлтийн илүүдлийг багасгах арга зам хайн хэлэлцээ хийсэн боловч тохиролцоонд хүрч чадсангүй.

Хэдэн цаг үргэлжилсэн үр дүнгүй хэлэлцээний дараа Катарын эрчим хүчний сайд Мохаммед бин Салех аль-Сада хэлсэн үгэндээ “Энэ асуудлыг шийдэхэд газрын тосны үйлдвэрлэгчдэд хугацаа хэрэгтэй” гэсэн байна.

Хэлэлцээнд ОПЕК-ийн гишүүн орнуудын дийлэнх нь, мөн ОХУ зэрэг газрын тосны экспортлогч орны төлөөлөгчид оролцсон юм.

Хэлэлцээний үеэр газрын тосны үйлдвэрлэгч болон экспортлогчид сүүлийн 18 сарын хугацаанд тасралтгүй үнэ нь унаж байгаа газрын тосны нийлүүлэлтийн илүүдлийг багасгах арга чарга эрэлхийлсэн байна.

Гэвч гарц олж чадаагүй үйлдвэрлэгч, экспортлогчид үүнд цаг хугацаа хэрэгтэй гэж үзэж байгаа ажээ. Хэлэлцээ амжилтгүй болсон мэдээтэй зэрэгцэн Азийн газрын тосны зах зээлийн үнэ унаж, АНУ, Лондоны түүхий эдийн зах дээр түүхий нефтийн үнэ таван хувиар доошилсон байна.

Хэлэлцээ амжилтгүй болж өнгөрснийг ажиглагчид Саудын Араб, Ираны харилцаа хурцадсантай холбон тайлбарлаж байгаа юм. Иран уг чухал хэлэлцээнд төлөөлөгчөө явуулаагүй ажээ. Дэлхийн газрын тосны хамгийн том экспортлогч Саудын Араб ОПЕК-ийн гишүүн орнууд, тэр дундаа Иран зөвшөөрвөл газрын тосны нийлүүлэлтийг багасгаж, үнийн уналтыг жаахан ч атугай тогтоон барихыг хүсч байгаа.

Гэвч энэ оны эхээр эдийн засгийн хориг нь тавигдсан Иран эдийн засгаа хөл дээр нь босгохын тулд газрын тосны нийлүүлэлтээ цаашид улам нэмэгдүүлэх зорилготой байгаа юм.

Ираны Засгийн газар "Иран газрын тосны нийлүүлэлтийг багасгах ямар ч гэрээ байгуулахгүй, ямар ч гэрээнд гарын үсэг зурахгүй учраас хэлэлцээнд төлөөлөгчөө явуулахгүй” гэж шулуухан мэдэгдсэн.

Тиймээс газрын тосны нийлүүлэлтийн илүүдлийг арилгахаас нааш үнийн уналт зогсохгүй нь тодорхой байгаа юм. Газрын тосны үнэ шалдаа буусан нь улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлсэн. Эдийн засгийн асар их нөөцтэй Саудын Араб газрын экспортын алдагдлаа нөхөхийн тулд эдийн засгаа солонгоруулах төлөвлөгөө боловсруулж эхэлжээ.

Газрын тос үйлдвэрлэгч бусад орнуудын хувьд байдал бүр ч хэцүү байна. ОПЕК-ийн гишүүн Ангол гэхэд ОУВС-аас санхүүгийн зээл авахаар яриа хэлэлцээ эхлүүлжээ.

 

Амжилтгүй болсон хэлэлцээний үеэр сөхөгдсөн бас нэг асуудал нь экспорлогч орнуудад нөхөн олговор олгож, иймэрхүү хэлэлцээнд хэзээ ч уригдаж байгаагүй АНУ-ын занарын хий олборлогчдод дарамт учруулах тухай асуудал байв.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны нийлүүлэлт эрэлтээс давж, асар их илүүдэл бий болсон, газрын тосны үнэ 2014 оны дунд үеийн тал үнэд ч хүрэхгүй байгаа шалтгааныг сүүлийн арав гаруй жилийн хугацаанд занарын хийн олборлолт эрчимтэй нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм.

Катарын эрчим хүчний сайд хэлэлцээний дараа хэлсэн үгэндээ "Бид Ираны байр суурийг хүндэтгэж байна. Гэхдээ гол үйлдвэрлэгчид ялангуяа Иран гэх мэт ОПЕК-ийн гишүүн орон, гишүүн бус орнууд хамтарвал нийлүүлэлтийн илүүдлийг бууруулж чадна” гэжээ.

Дохагийн чуулган амжилт олоогүй ч ирэх зургадугаар сард болох ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнуудын дараагийн чуулганаас тэд ихийг хүлээж байгаа ажээ.

Дохагийн уулзалт хэдийгээр албан ёсны хурал биш боловч ОПЕК-ийн бараг бүх гишүүн орны төлөөлөгчид очсон юм.

Газрын тосны үнийн огцом уналтыг зогсоохоор дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа ОПЕК-ийн уулзалт Доха хотод маш ширүүн уур амьсгал дунд өрнөсөн юм.

2014 оны зургадугаар сард 115 ам.долларын үнэтэй байсан нэг баррель нефтийн үнэ одоо тал үнэдээ ч хүрэхгүй уначихаад байгаа билээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Саудын Араб, ОХУ, Венесуэль зэрэг орнууд газрын тосны нийлүүлэлтийг багасгахыг зөвшөөрч,  ОПЕК-ийн гишүүн орнуудтай энэ асуудлаар гэрээ байгуулахаар ажиллаж байгаа боловч Иран эсэргүүцсээр байгаа юм.

Н.Энх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна