МАХН Бага чуулганаа эхлэх гэж байна

2016 оны 4 сарын 19

МАХН Бага чуулганаа өнөөдөр 10.00 цагт эхлэхээр товлосон бөгөөд тун удахгүй эхлэх гэж байна. Уг чуулганаар 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөр, МАН-тай эвсэн сонгуульд өрсөлдөх талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Харин МАН –ын Бага хурал өнөөдөр 11.00 цагаас үргэлжлэх юм. Тус Бага хурлаар МАХН-тай эвсэх асуудлыг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байна. Өчигдөр тус хуралдаанаар 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, гишүүдийн саналыг сонсон, орон гарсан гишүүдийн оронд шинээр Бага хурлын гишүүдийг батламжилсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлан, Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга н.Энхтөр, н.Мөнгөншагай нарыг Бага хурлын гишүүн болгосон юм.

Иргэний Зориг Ногоон нам өнөөдөр 14.00 цагт Үндэсний хорооны хурлаар хийхээр төлөвлөөд байна. Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт тус хороог зарлан хуралдуулж, 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн ч Ардчилсан нам, МҮАН, Эх орон нам, ХҮН, Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас ирүүлсэн нэгдэх болон эвсэх асуудлыг нээлттэй үлдээсэн тул өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өчигдөр болсон. Тус хуралдаанаар 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн баталснаар хурлаа өндөрлүүлээд байгаа юм.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна