Булаагдсан эрх

2016 оны 4 сарын 19

“Булаагдсан эрх”-ийг буцаах хуулиуд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон хуулийн төсөл санаачилж, түүнээс цөөнгүй нь батлагдан хэрэгжиж эхлээд байна. Төрийн тэргүүн хаа хамаагүй савчиж “хууль үйлдвэрлэж байна” хэмээн гоочлогчид бий л дээ. Гэхдээ тэдгээр хуулийг аваад үзэхэд хууль тогтоогчид дэргэдүүр нь өнгөрөөд явчихсан, улс төрийн хүрээнийхэн иргэдээс зохих эрхийг нь булааж авснаа огтхон ч анзааралгүй үлдээсэн тэр л хууль, эрх зүйн орчнуудыг нөхөн бүрдүүлэхэд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиуд чиглэсэн нь харагддаг.

Төрийн тэргүүн Хууль, шүүхийн салбарыг шинэчлэх багц хуулийг санаачлан хамгийн хоцрогдсон энэ салбарыг цоо шинэ болгон өөрчилсөн. Шүүх хуралдааны хаалттай хаалганы цаана юу болсон нь мэдэгдэлгүй хэн нэгэнд хорих ял оноон хар гэрт илгээдэг асан шоронжсон нийгмийг өөрчлөхөд Ерөнхийлөгчийн санаачилсан хууль, шүүхийн шинэтгэлийн багц хуулиуд том эргэлт болсон. Одоо дурын хүн шүүх хуралдааныг дэргэдээс нь болон дэлгэцээс шууд харж, шүүх, хуулийн нэвтэршгүй хана “шилэн” болоод байна

Төрийн тэргүүний сүүлийн үед санаачилж УИХ-аар хэлэлцүүлж батлуулан амьдрал дээр хэрэгжиж буй хуулиудыг эргэн авч үзье.

Төрд булаагдсан эдийн засгийн тогтвортой хөгжлийг сэргээхэд:

“Төр” хэмээх том машин хуучин тоталитар сэтгэлгээнээсээ өдийг болтол бүрэн салж чадаагүй л байна. Бүхнийг харьяалж, удирдан залуурдаж байх нь төрийн үүрэг хэмээсэн үзэл баримтлал өдгөө ч амь бөхтэй оршсоор. Энэ нь ялангуяа эдийн засгийн хөгжилд ташуур бус чөдөр тушаа болох нь элбэг. Төрийн эрх мэдлийг хязгаарласнаар эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих боломж нэмэгдэнэ гэсэн үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ирээдүйн өв сангийн тухай хууль, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг цоо шинээр боловсруулан санаачилж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан юм.

Монгол Улс уул уурхайн орон болно хэмээн уухайлж, түүхий эдийн үнэ ч гадаад зах зээлд чамгүй өндөр байсан 2000-д оны дунд, сүүл үеэр улсын мөнгөний сан хөмрөг овоо зузаарч, эрхэм гишүүд улсын төсөв батлахдаа “Мөнгө бага байхад хуваарилж болдог, харин их болохоор юунд зарах вэ гээд зовлон их байдаг юм байна” хэмээн “Шинэ баян цээж өвчтэйн” үлгэрээр бардамнадаг байлаа. Гэтэл хэдхэн жилийн дараа, өнөөдөр төсвийн хомсдолд орж, эдийн засгаа элгээр нь хэвтүүлэх шахан сандарч сууна. Одоо нөгөө бардам амтууд “Мөнгөтэй байхдаа багахан хэсгийг ч болов цааш хийж хадгалдаг байж” хэмээн шогширч суух болсон. Мөнгө харахаараа үрж санаа амардаг монгол зан төрийн түшээдийн төсөв хуваах зарчимд ч харагдаад байдаг юм.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл санаачлан 2015 оны намрын чуулганаар батлуулснаар байгалийн баялгаас олсон мөнгөнөөсөө ирээдүй үедээ хадгалах сантай болох боломж бүрдэв. Өнөө цагийнхан баялгаа хуу хамж цөлмөөд, ирээдүй үеийнхэндээ үлдээх өвийг нь булаадаг байсан гаж үзэгдэл  энэхүү хуулиар цэглэгдсэн. Энэ хуулиар баялгаас олсон орлогоосоо Хүний хөгжилд сангийн өр, төлбөрийг барагдуулж дууссаны дараа буюу 2018 оноос эхлэн хойч үеийнхэндээ зориулж баялгийн сан бүрдүүлж эхлэх юм.

Үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ, хувийн хэвшлийнхнээ хайхардаггүй нэг муу зуршил Монголд газар аваад байв. Өөрөөр хэлбэл, төр үйлдвэрлэгчдийн хэвийн ажиллах хууль, эрх зүйн орчныг булаан авч дарамталдаг байсан нь их. Үүнийг залруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл санаачлан өнгөрсөн 2015 оны намар УИХ-аар батлуулсан. Түүгээр үл барам үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийн манаанд төр зогсох ёстойг сануулж, бизнес эрхлэгчдийн чуулган дээр Монгол дотооддоо чадах, болох юмаа өөрсдөө үйлдвэрлэхгүйгээр цаашаа улс орноо хөгжүүлэх, бие дааж эдийн засгаа хөгжүүлэх боломжгүй гэдгийг мэдэгдэж байв.

Төрийн албыг хариуцлагатай болгож, иргэдээс булаасан мэдэх эрхийг сэргээхэд:

Шилэн дансны тухай хууль батлагдаж мөрдөгдөөд богино хугацаа өнгөрч байгаа ч одоо төр, төсвийн байгууллагын санхүү, бүртгэлийг түүнгүйгээр төсөөлөх аргагүй болсон. Төсөвт хэдэн төгрөг орж, хэчнээн зардал гарч буйг саяхныг хүртэл багцаалдан тооцож байсан бол өнөөдөр дурын байгууллагын 5 сая төгрөгөөс дээших гүйлгээ, санхүүгийн тайланг дуртай хүн шилэн данс сөхөөд үзэх боломж бүрдлээ. Хэн ч нэвтэрч харж болдоггүй байсан төсвийн хөшиг нээгдэж, жиргээчид дотроос зөвхөн түүгээр дагнан анализ хийдэг эрхэм “Шилэн” цолыг хүртэх хүртлээ төсөв, тооцоо, гүйлгээ тунгалагшив. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч нэг сая төгрөгөөс дээш гүйлгээг шилэн дансаар харуулж байхаар хуулийн төсөл өргөн мэдүүлсэн ч эрхэм гишүүд батлахдаа таван сая төгрөгөөс дээш болгон засвар оруулсан юм. Түүгээр барахгүй энэ хуулийн төслийг тухайн үед хэлэлцэхгүй хэмээн буцааж дахиан давтан өргөн барихад хүргэж байсан билээ.

Нийтийн сонсголын тухай гэсэн цоо шинэ хууль мөрдөгдөж эхлээд байна. Иргэдийг ямар ч мэдээлэлгүй, чихэн дүлий, нүдэн балай байлгаж, хүслээрээ жолоодох гэдэг улстөрчдийн муйхар зорилгыг энэ хууль мухарлаж байгаа юм. Хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, мөрдөн шалгах, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гээд иргэдэд хэрэгтэй ч олж мэдэж чаддаггүй байсан төрлүүдээр иргэд хүссэн мэдээллээ авах эрх үүгээр нээлттэй болсон юм. Мэдээлэлтэй иргэд л төрийг хариуцлагатай болгоход оролцож чадна гэдгийг энэ хуулиар тунхаглаж чадсан гэж хэлж болно.

Хүүхдэд ч эдлэх эрх бий

Сургуулийн өмнөх насны хүүхэд гэдэг эрхээ хэлж, хамгаалуулж чаддаггүй бүхэл бүтэн “нийгмийн давхарга” бий гэдгийг улстөрчид тэр бүр анзаарсан бил үү. Хүүхэддээ цэцэрлэг олж өгнө гэдэг олон олон аав ээжийн хүндээс хүнд даваа байдаг. Эсвэл хэн нэг нь ажил хийлгүй гэртээ сууж хүүхдээ харах, нэг бол хувь заяанд нь даатгаад гэр оронд нь цоожлоод явах гэдэг хоёрхон зам тэдний өмнө бий. Түүнээс болж олон хүүхэд галд өртөж, осгож даарч, хөгжлийн бэрхшээлтэй болох, муугаар бодвол амиа алдах гээд өчнөөн эрсдэлтэй учирдаг байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл санаачлан өргөн барьснаар УИХ-аар батлагдаж, энэ 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байна. Энэ хуулийг батлах гэж УИХ-ын гишүүд багагүй цааргалсан юм. Эмэгтэй гишүүд энэ хуулийг батлуулахаар чуулганы танхимд хэдүүлхэнээ сууж байсан тохиолдол ч бий. Харин хууль батлагдсанаар байр сууцны боломжтой ээжүүд хүүхдээ өсгөхийн зэрэгцээ зохих хөлсөө аваад хөрш зэргэлдээ айл, хамаатан садан, найз нөхдийнхөө хэдэн хүүхдийг зэрэгцүүлэн харах боломж нээгдлээ.

Хуулийн засаглалыг сэргээхэд:

Захиргаа нь захиргаагүй явж ирснийг цэгцлэх чиглэлд Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан Захиргааны ерөнхий хууль үйлчилж байна. Ийм хуультай болсныг товчхон дүгнэвэл “захиргаа” гэдэг ойлголт нэгдсэн нэг зам мөрөө олсон явдал. Ази тивд ийм хуультай хоёрхон орон байдгийн нэг нь Монгол Улс болсон юм. “Захиргаа гэдэг нь захирна” гэсэн үг хэмээн иргэдэд хүнд суртлын лантуу буулгаж ирсэн бол өдгөө үүнийг иргэдэд үзүүлэх үйлчилгээ гэсэн зөв агуулгаар нь ойлгон хэрэгжүүлж эхэлээ.

Оюутнуудыг цэргийн албанд хамруулахад:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг шинэ цагийн нөхцөлд тохируулан боловсруулж УИХ-аар батлууллаа.

Иргэдээс хамгийн их сайшаал хүртэж буй бас нэг санаачилга бол “Оюутан-цэрэг” хөтөлбөр юм. Их, дээд сургуулийн оюутнууд суралцахын зэрэгцээ цэргийн алба хаана гэдэг том боломж болохыг эцэг эхчүүд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч буй. Хуучин цагт “Цэргийн алба бол эрдмийн алба” гэдэг байсан тэр зарчимтай өнөөдрийн “Оюутан-цэрэг” хөтөлбөр эн тэнцүү дүйцэх болов.

Оюутан-цэргийн сургалт эхлэхэд мах мяраатай, шар айраг хүртчихдэг, тамхи татдаг, чихэвчний хөгжмөөс салдаггүй танхи хөвгүүд байснаа танхимын сургалтаа дүүргэж, хээрийн бэлтгэл, сургуульд хамрагдаж ирээд эр цэргийн тангараг өргөхдөө хугацаат цэргийн албан хаагчдыг хөлдөө чирэхээр жинхэнэ эх орноо хамгаалах эрүүл чийрэг дайчид болсон байдгийг сүүлийн хэдэн жил бид харж байгаа.

Эндээс харахад нийгэмд, иргэдийн амьдрал ахуйд хэрэгтэй хэчнээн олон асуудлыг УИХ алгасаж орхисон нь харагддаг. Тэдгээрийг л Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олж харж хууль болгосон хэрэг.

Харин үүнийг амьдралд хэрэгжүүлэх нь өнөөдөр эрх баригчдын, эвсэж байгуулсан Засгийн газрын үүрэг юм. Түүнээс биш “Санаачилж батлуулснаараа үүнийхээ хэрэгжилтийг өөрөө хариуц” хэмээн Төрийн тэргүүн рүү бухаж таарахгүй. Тэр гагцхүү хууль тогтоогчдын гээж орхисон нийгмийн олон зохицуулалтыг олж харж, хууль санаачлан боловсруулж батлуулсан. Хууль яаж мөрдөгдөж, хэрэгжиж байна хэмээн гүйх үүрэг ч Ерөнхийлөгчид байхгүй. Гүйцэтгүүлэх нь гүйцэтгэх засаглалын, хэрэгжилтийг хянах нь УИХ-ын үүрэг билээ.

                                                            Д.ЦЭНГЭЛ

ЭХ СУРВАЛЖ: "ӨНӨӨДӨР" сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна