Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2016 оны 4 сарын 19

Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарлаа

Тогтоолоор улаанбурхан өвчний дэгдэлтийн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт өгч, таслан зогсоох, халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Шуурхай ажлын хэсгийг Улсын онцгой комиссын дэргэд байгуулж ажиллуулахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгалаа.  

Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг хүртлэх насны хүүхдийн эрүүл мэндэд хийх үзлэг, хяналтыг энэ оны 7 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд батлагдсан хуваарь, эцэг эхийн дуудлагын дагуу гэрээр зохион байгуулж, товлолын дархлаажуулалтыг долоо хоног бүрийн бямба гаригт шилжүүлэн зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

Нэг хүртэлх насны хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх, эцэг, эхчүүдийн хүүхдээ гэрээр асрах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа 0-1 насны хүүхэдтэй эхчүүдэд  энэ 7 дугаар сарын 1-нийг хүртэл батлагдсан төсөвтөө багтаан Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага дээр нэмж 2 цагийн цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт үүрэг болголоо.

Улаанбурхан өвчний дэгдэлтийн үед ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтны илүү цагийн байгууллагын шатахуун, ариутгал, халдваргүйтгэлд зориулан 982 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж олгохыг Сангийн сайд Б.Болор, Шадар сайд бөгөөд Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар нарт зөвшөөрлөө.

Эрүүл мэнд, спортын яамны дэргэд ажиллаж байгаа улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий тархварзүй, эмнэлзүй, эдийн засаг, санхүүгийн багуудын  үйл ажиллагааг эрчимжүүлж, цаг үеийн байдлын талаар долоо хоног тутам Засгийн газарт мэдээлж байхыг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад үүрэг болголоо.

Улаанбурхан өвчнөөр өвчилсөн өвчтнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай эмийн зардалд зориулан 453,9 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас асуудлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралд оруулж, хэлэлцүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

Улсын тэргүүний сумдаар дөрвөн сумыг шалгарууллаа

Улсын тэргүүний сумаар Баянхонгор аймгийн Галуут, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Зэрэг сумдыг шалгаруулж, сум тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар тогтлоо.

Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, 2 жил тутам бүс бүрээс нэг сум шалгаруулахаар тогтсон юм. Хангайн бүсээс шалгарсан Баянхонгор аймгийн Галуут сумын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан 103 ажлын хэрэгжилт 97.8 хувийн биелэлттэй байна. Ашиглалтгүй байсан услалтын системийг сэргээн засварлаж, 60 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, сумын хүнсний ногооны хэрэглээний 65 хувийг хангаж байгаагийн дээр 24 иргэнийг ажлын байртай болгосон байна. Жирэмсэн эхчүүдийг 100 хувь эмнэлгийн хяналтад төрүүлсэн бөгөөд сүүлийн 2 жил эхийн эндэгдэл гараагүй байна.

Зүүн бүсээс шалгарсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум эрчим хүчний хангамжийн асуудлаа шийдвэрлэж, Багануур-Зүүн өмнөд бүсийн эрчим хүчний эх үүсвэртэй холбогдож, шилэн кабель тавьж интернэтийн орчин бий болгожээ. Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуйг хөгжүүлснээр 373 ажлын байр бий болж, иргэдийн амьжиргааны түвшин бодитойгоор дээшилсэн байна.

Төвийн бүсээс шалгарсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум орон нутгийн төсвийн орлогыг 2014 онд 130 хувь, 2015 онд 116 хувиар биелүүлсэн байна. Иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч, улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар спортын ордон, цагдаагийн кабон, 25 айлын 5 давхар орон сууц, орчин үеийн амины орон сууцны хороолол барьж, гэр хорооллын хашааг хаягжуулан, сумын төвийг гэрэлтүүлжээ.

Баруун бүсээс шалгарсан Ховд аймгийн Зэрэг сум цэвэр, бохир усны нэгдсэн шугам сүлжээ байгуулж, төсвийн байгууллагууд болон 22 айлын орон сууц, 1200 гаруй гаруй хэрэглэгчийг холбосон байна. Ахуй үйлчилгээний төв, Хүүхэд хөгжлийн төв, 100 хүүхдийн цэцэрлэг, 12 айлын 5 давхар болон нэг давхар 10 орон сууц ашиглалтад оруулсан бөгөөд 24 айлын орон сууцны барилга баригдаж байна.

Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр баталлаа

Монгол Улсын Засгийн газраас 2013 оноос “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хэрэгжилт 18 хувьтай гарсантай холбогдуулан хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, шаардлагатай гэж үзэж байна. Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр нь инноваци, мэдлэг шингэсэн, дэвшилтэт техник, технологид суурилсан боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг төрөлжүүлэх замаар урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой.  2016-2020 онд уг хөтөлбөр хэрэгжсэнээр уул уурхайн бус салбарын экспорт нийт экспортын 30 хувьд,  боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нийт экспортод эзлэх хувийн жин 15 хувьд хүрнэ. Арьс шир, ноос, ноолуур, хөдөө аж ахуйн түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын экспортын орлого жилийн 1 тэрбум ам.доллар болно гэж тооцож байна. 

Хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилтийн шинэ механизм бий болгох үүднээс “Экспортыг дэмжих хөрөнгө оруулалтын сан”-г үүсгэн байгуулах үүрэг бүхий хөрөнгө оруулалтын менежментийн компанийг Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр үүсгэн байгуулахыг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. Хөгжлийн банкны тухай хуульд нийцсэн хөрөнгө оруулалтын бодлого бүхий Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулалтын сангуудад гадаад зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн 30 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийж дэмжлэг үзүүлэн ажиллахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. 

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ

“Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг зарчмын хувьд дэмжиж, үзэл баримтлалыг хамтран батлахыг Сангийн сайд Б.Болор, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт даалгалаа. Энэхүү үзэл баримтлалд нийцүүлэн хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

Манай улс жилдээ 2000 орчим нийтийн тээврийн хэрэгсэл импортлон авдаг бөгөөд үүнээс дотооддоо 100-150-ийг нь угсарч үйлдвэрлэх боломжтой юм. Машин үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж 20 автобус угсарч үйлдвэрлэхэд шаардагдах эд ангийг импортлоход гааль болон НӨАТ-т  834 сая төгрөг төлдөг. Импортлон оруулж байгаа эд ангийг  гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг 15 хувиар буурч, дотоодын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэж тооцож байна. Хууль хэрэгжсэнээр машин үйлдвэрлэлийн чиглэлээр жилдээ 6 тэрбум гаруй төгрөгийн нэмүү өртөг бий болгож, салбарын боловсон хүчний чадамж сайжирч, 220 гаруй шууд болон дагасан ажлын байр бий болж, дэвшилтэт техник, технологийг нутагшуулах боломж бүрдэх юм.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай Хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлнэ

“Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд “Туркийн олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хөтөлбөр зохицуулалтын төлөөлөгчийн газар байгуулах тухай” хэлэлцээрийг 2004 онд байгуулж, УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулсан юм. БНТУ-ын Засгийн газрын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ нь хөтөлбөр зохицуулалтын газраараа дамжуулан дэлхийн 50 гаруй оронд хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг бөгөөд Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулалтын газар нь дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, боловсрол, шинжлэх ухаан соёлын хамтын ажиллагаа зэрэг салбарт 400 гаруй төсөл хөтөлбөрийг 30 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлжээ.

2004 онд байгуулсан хэлэлцээрийн хүчинтэй хугацаа дуусч байгаатай холбогдуулан шинэчлэн байгуулсан “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай  хэлэлцээр” нь БНТУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газрын эрх зүйн орчныг бүрдүүлсэн үндсэн баримт бичиг болох юм.

Товч мэдээ:

-  Мэргэжлийн боловсрол, сургалтын “Үнэлгээ, мэдээллийн төв”-ийг Хөдөлмөрийн яамны харьяанд ажиллуулахаар шийдвэрлэлээ.

-  “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг зарцуулах журам”-ыг баталлаа.

-  “Хөшигийн хөндий чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжээд үзэл баримтлалыг батлахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт, тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад тус тус даалгалаа.

-  Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

-  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулан Засгийн газартай зөвшилцөхөөр ирүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарчмын хувьд дэмжиж, саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэхээр тогтлоо.

-  Сонгууль ажиглагчдын олон улсын сургалтын төвийг Монгол Улсад байгуулах тухай асуудлыг хэлэлцээд уг сургалтыг төвийг Гадаад хэргийн сайдын 2016 оны төсвийн багцад багтаан байгуулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд зөвшөөрлөө.

-  2016 оны 4 дүгээр сарын 5-8-нд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зохион байгуулсан Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.  

-  Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашкогийн 2016 оны 3 дугаар сарын 16-19-нд Монгол Улсад хийсэн айлчлалындүнг сайшааж, уг айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгалаа.

2016 оны 3 дугаар сарын 11-нд Лондон хотноо зохион байгуулагдсан Монгол, Британийн Дугуй ширээний 12 дугаар уулзалтын дүнг сайшааж, уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Дугуй ширээний уулзалтын Монголын хэсгийн дарга Д.Ганхуягт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна