Мардайн лицензийг хөрөнгийн биржээр арилжвал Монгол Улс шинэ “дайн”-д хөл тавина

2016 оны 4 сарын 19

“Хан Ресурс”-ын өрийг төлөхөд Монголын Засгийн газрын “аврагч” болох тэрхүү шинэ “эзэн” Дорнодын ураны талбайд олборлолт л явуулахгүй юм бол өөр юу хийх вэ?! Бид нэг асуудлыг шийдэхийн тулд дараагийн бүүр ч том асуудал руу орж буй нь энэ юм биш биз?!

 

Засгийн газрын өрийн талаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Магдайн ураны ордын лицензыг олон улсын нээлттэй зах зээлд борлуулна. Ингэж олсон мөнгөөрөө “Хан Ресурс” компанид төлөх ёстой 70 сая ам.долларыг төлөхөөс өөр гарцгүй гэв. УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн “Хан Ресурс”-ын 70 саяын өрийг яах вэ, хууль бус шийдвэрээс болоод өрөнд орчихлоо. Бас Засгийн газар “Жаст” компанид баталгаа гаргаж өгөөд 145 сая ам.долларын зээл авсан. Энэ өрийг Монголын Засгийн газар төлөх юм биш биз?” гэсэн асуултын хариу ингэж ирснээр Мардайн ураны орд олны анхаарлыг дахин татлаа. Ч.Сайханбилэгийн хариулт Монгол дахь эрчим хүчний түүхий эд, тэр тусмаа ураны төлөөх их гүрнүүдийн дайн Канадын “Хан Ресурс” компанид 70 сая ам.долларын нөхөн төлбөрөө төлснөөр төгсөх биш харин ч илүү хурцадмал, илүү анхаарал татах хэмжээнд хүргэж буйг дохиолов. Учир нь Мардайн ордын лицензийг хөрөнгийн биржээр арилжаална гэдэг нь цаашид тэнд олборлолт явуулахыг зөвшөөрч байгаатай утга нэг гэхэд хилсдэхгүй. Ийм эрхзүйн орчин, иргэдийн сэтгэлзүйн нөхцөл бүрдсэн билүү?

 

Ашигт малтмалын баялаг, уул уурхайн лицензээ түшиж олон улсын бирж дээр IPO гаргана гэж монголчууд 2008 оноос эхэлж ярьсан. Гэвч энэ хугацаанд олон улсын бирж дээр үлэмжийн амжилт олсон IPO гарсангүй. MCS анх удаа Ухаа худагийн уурхайн нөөцийг түшиглэн олон улсын биржид IPO гаргасан ч MMC корпораци дампуурлын ирмэгт ирчихсэн байгаагаа мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Хан Ресурс”-ын мэдэлд байсан ураны ордыг түшиглэж IPO гаргана гэсэн үг бол их гүрнүүдийн анхаарлыг ураны талбарт зориуд татах гэсэн оролдлого хэмээн ажиглагчид дүгнэж байна.

Түүх сөхөхөд ЗХУ энэ ордод 1978-1981 онд урьдчилсан хайгуул хийж, энэ ажилдаа 127.3 сая рубль зарцуулсан ба Улз голоос 20 км урт гүний усны цооног гарган ус дамжуулах шугам барьж, ОХУ-ын Хар нуурын УЦС-аас өндөр хүчдэл татан 1991 оныг хүртэл ажиллуулж байсан юм. Зөвхөн оросууд л тусгай зөвшөөрлөөр орж гардаг “Эрдэс” гэх тосгон эзгүйрч үлдсэнээс хойш Мардайн орд мартагдсан хэрэг. Дорнод аймгийн Чойбалсан хотоос хойш 120 км-т Баяндун сумын нутагт оршдог Мардайн орд 2009 оныг хүртэл Монголын төрийн мэдлээс холуур байж, гаднын хэд хэдэн компанийн гар дамжигдан олон улсын хөрөнгийн зах зээлд ураны бизнес эрхлэгчдийг болзоход хүргэж байсан гэдэг.

2007 оны хоёрдугаар сард УИХ стратегийн ач холбогдолтой 15 ордын жагсаалтыг батлахад Дорнодын Дашбалбар суман дахь 924.6 мян.тонн ураны нөөцтэй Мардайн орд энэ жагсаалтад багтсан. УИХ дээр нэлээдгүй дуулиан шуугиан тарьж 15 ордын тоонд орж ирсэн Мардайг энэ үеэс Засгийн газар сонирхож эхэлсэн байдаг юм. Дэлхийн зах зээлд ураны үнэ, эрэлт хэрэгцээ харьцан­гуй өндөр байгаа. Монгол Улс уранаа ашиглаж эхлэх бо­ломжтой боллоо хэмээн тайлбарласан Засгийн га­зар 2008 онд Цөмийн эрчим хүчний агент­лаг байгуулав. Ингээд 2009 оны наймдугаар сард Монгол Улс ОХУ-тай цөмийн энергийн салбарт хамтран ажиллах талаар нэгэн санамж бичгийг байгуулсан ба энэ нь Орос-Монголын хамтарсан “Дорнод Уран” компанийг өлгийдөж авах тохиролцоо байв.

Гэхдээ энэ компани байгуулагдаагүй. 2010 оны арванхоёрдугаар сард тус компанийг байгуулах зарчмын тухай баримт бичгийг үзэглэж, “Дорнод Уран” компанийн 49 хувийн эзэмшилд ОХУ техник, тоног төхөөрөмж, технологи, санхүүжилт, мэргэжилтэнг ажиллуулж, Монголын тал өөрийн эзэмшлийн 51 хувьд зөвхөн лицензээ хариуцахаар тохиролцсон байв. Гэвч Мардайн ордын лиценз энэ үед Канадын “Хан Ресурс” компанид байж таарч, тэдний лиценз эзэмших эрхийг төрийн захиргааны байгууллагаас цуцалсан. Харин Канадын компани лицензийг нь цуцалсан шийдвэрийг хууль бус хэмээн Монголын Засгийн газрыг Олон улсын арбитрын шүүхэд өгсөн юм. Шүүхээс манайхыг буруутгаж, 100 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэж үзсэн юм. Энэхүү нөхөн төлбөрийн хэмжээг Сангийн сайд Б.Болор саяхан Канадад айлчлах үеэрээ Канадын Засгийн газартай ярилцан хэмжээг бууруулж, 70 сая ам.долларыг төлөхөөр болсон.

Өнөөдрийн 70 сая ам.долларын өр, өчигдрийн Мардайн ордын лицензын маргаан ингэж эхэлсэн бол маргааш Засгийн газар энэ өрөө төлөхөөр олон улсын хөрөнгийн бирж рүү “харайх” болж байна. Тун удахгүй Мардайн ордын тусгай зөвшөөрлийг хэн нэгэн тоглогч атгаад зогсож байхад нэг их гайхах хэрэггүй болов уу. “Хан Ресурс”-ын өрийг төлөхөд Монголын Засгийн газрын аврагч болох тэрхүү шинэ “эзэн” Дорнодын ураны талбайд олборлолт л явуулахгүй юм бол өөр юу хийх вэ?! Бид нэг асуудлыг шийдэхийн тулд дараагийн бүүр ч том асуудал руу орж буй нь энэ юм биш биз?!

 

ТОВЧХОН

1978-1981 он: ЗХУ Дорнод аймагт ураны урьдчилсан хайгуул хийж, Мардайн ордын хүдэржилтийн хоёр бүсийг ялган нөөцийг С2 зэргээр тооцжээ.

1997 он: АНУ-ын хөрөнгө оруулалттай “Төв Азийн Уран” нэртэй компани Мардайн ураны уурхайн лицензыг эзэмшиж байв. Тус компанийн захирал Воллэс Мэйс гэгч нь Канадын “Хан Ресурс” компанитай хамтран ажиллахаар болсон ба үр дүнд нь “Төв Азийн Уран” компанийн хувь “Хан Ресурс” компанийн мэдэлд очжээ.

Лицензийн эрх шударга замаар “Ханресурс”-д очоогүй. Воллэс Мэйс  гэгч нь мөрийтэй тоглоомд таван сая ам. доллар алдсан тул энэ өрөө “Ханресурс” компаниар төлүүлж лизензээ барьцаалсан мэдээлэл байдаг. Ингээд Воллэс Мэйс  Мардайн ураны ордын хувьцааг өөрийнхөө “WM Mining” компани руу шилжүүлэх гэж оролдож байдаг. Энэ талаар Канадын “CCN” мэдээллийн агентлаг мэдээлсэн байдаг.  

2006 он: Арваннэгдүгээр сарын 13-нд Торонто хотод “Хан Ресурс” компани Воллэс Мэйс захиралтай “WM Mining” компаниас хохирлоо нэхэмжлэн Онтариогийн дээд шүүхэд хандав. Воллэс Мэйс гэгч нь “Хан Ресурс” компанид учруулсан 15 сая ам.долларын хохирлоо тус компанид эзэмшдэг өөрийн 18 сая ам.долларын үнэ бүхий хувьцаанаасаа төлж барагдуулсан гэдэг. 

2006 он: ОХУ-ын Холбооны зөвлөлийн хурлын дарга С.Миронов “Монголын уран” гэсэн ном хэвлүүлсэн. Тэрбээр геологич байхдаа Монголын говийн аймгуудын нутгаар хайгуул хийж, ураны олон орд газрыг илрүүлсэн тухайгаа энэ номдоо бичсэн.

2007 он: Хоёрдугаар сард УИХ стратегийн ач холбогдол бүхий 15 орд газрын жагсаалтыг баталсан ба үүнд Мардайн орд багтав.

2008 он: Цөмийн энергийн газар байгуулагдав.

2009 он: УИХ энэ оны долдугаар сард Цөмийн энергийн тухай хуулийг баталсан ба үүнтэй холбогдуулж “Мон-Атом” компанийг байгуулав.

2009 он: Наймдугаар сард Монгол Улс ОХУ-тай цөмийн энергийн салбарт хамтран ажиллаж, Орос-Монголын хамтарсан “Дорнод Уран” компанийг байгуулахаар тохиролцов.

2009 он: Шинэ байгуулагдсан “Мон-Атом” компанийн захирал Р.Бадамдамдин ажил үүргийн хувьд Цөмийн энергийн газрын хийх ёстой нэгэн гэрээг “Мон-Атом”-ын нэр дээр хийв. Энэ гэрээ “Мон-Атом” болон Мардайн ордын лицензыг эзэмшдэг гэх “Хан Ресурс” компанийн хооронд байгуулагдсан байдаг.

2010 он: Засгийн газар “Хан Ресурс” компанийн Мардайн ордыг эзэмших эрх, тусгай зөвшөөрлийг буцааж авсан. Ингээд тус компани Монголын Засгийн газрыг Олон улсын Арбитрийн шүүхэд өгсөн юм.

“Хан Ресурс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат “Дорнодын ураны орд газрын тусгай зөвшөөрлийг “Хан Ресурс” компани эзэмшиж байгаагүй. Гурван улсын хамтарсан “Төв Азийн уран” компани 237 А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан. Энэ компанийн 58 хувийг “Хан Ресурс”, 21 хувийг Монгол Улс, 21 хувийг оросууд эзэмшдэг. Тэгээд улсын төсвөөр эрэл хайгуул хийсэн орд газруудын 51 хувийг Монголын төр эзэмших ёстой гэсэн хуулийн заалтын дагуу оросуудаас найм, “Хан Ресурс”-ээс 22 хувийг нь Монгол Улс өөртөө шилжүүлэн авсан. Тэгээд ч “Хан Ресурс” компани олон зөрчил дутагдал гаргаж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй нь тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл болсон. Арбитрийн шүүх дээр манай тал ялна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн ярьж байсан ч зургаан жилийн дараа байдал огт өөрөөр эргэчихээд байгаа юм.

Х.ХУЛАН

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна