Б.Сарантуяагийн төрсөн өдрийн тоглолт эхэлнэ

2016 оны 4 сарын 19

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн төрсөн өдрийн анплагед тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд эхэлнэ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 20-ны өдөр төрсөн өдрийн баяраа үзэгч фэнүүдтэйгээ тэмдэглэдэг болсоор есөн жилийг үджээ. Энэ жилийн хувьд тэрбээр төрсөн өдрийн тоглолтоо хоёр өдөр дараалан хийхээр төлөвлөсөн байна. Учир нь поп хатагтай Б.Сарантуяа  урлагийн тайзнаа дуулсны 30 жилийн ой энэ жил тохиож байгаа юм.

Хоёр өдрийн тоглолтод  залуу уран бүтээлч шавь нар нь оролцохоос Улсын филармонийн симфони оркестр, ардын урлагийн “Олонхо”, амьд хөгжмийн Random хамтлаг оролцоно. Мөн Б.Сарантуяа гавьяаттай олон жилийн турш нөхөрлөсөн гитарчин Өөжгий  /Д.Өлзий-Орших/ оролцох юм. Тэдний хамтын бүтээл “Хайрын бурхан” дуу зохиогдсоны 20 жилийн ой мөн энэ жил тохиож буй гэхчилэн поп хатагтайн тоглолт сюрприз олонтой байх нь.

Тоглолтыг үүрэн холбооны үндэсний оператор Жи Мобайл компани ивээн тэтгэж байгаа бөгөөд тоглолт үзсэн хүн бүрт Жи Мобайлын дугаар бэлэглэх ажээ.

Д.Цээнэ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна