“УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрхтэй байх ёстой”

2016 оны 4 сарын 19

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.

Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч

“Ардчилсан нийгэм гэж яриад байгаа, энэ бол эрх үүргийн зохистой нэгдэл. Ерөнхийлөгчөөсөө авхуулаад аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нь хариуцлагатай болох асуудал. Ёс зүйгүй алхам хийсэн бол наад зах нь уучлал гуйдаг байх ёстой. Цаашлаад нам нь тухайн хүнээ нэр дэвшиж болохгүй юм байна гэдэг байх. Энэ утгаар нь харах хэрэгтэй. Улс төрийн хариуцлага гэдэг том уут байна, үүнийг хасъя гэж болохгүй. Жолоочид хариуцлага тооцохдоо 10 оноогоор тооцдог болсон. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой асуудал дээр санаа зовниж байгааг ойлгож байна. Ард түмэн сонгох эрхтэй байхад эргүүлж татах эрх нь байдаг байх ёстой. Эхний төсөл дээр 5 хувь байсан, ярьсаар байгаад 15 хувь болгосон.”

Эх сурвалж: 2016 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн УИХ-ын чуулган дээр хэлсэн үгээс

 

Д.Ганболд, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал

“Ер нь эхний хөрөнгө оруулалт орж ирж байгаа энэ үед ихэнх зардал нь гадагшаа явчихна. Яагаад гэвэл, тоног төхөөрөмж их шаардсан бизнес учраас тэр. Манай Монголоос тун удахгүй бараа бүтээгдэхүүн авч эхэлнэ. Элс, хайрга, бетон, цемент, хоол хүнс, ажилчдын хувцас, засвар үйлчилгээ гээд өчнөөн олон үйлчилгээг Монголын аж ахуйн нэгжүүд хариуцна. Өмнө нь Монголд байгаагүй их хэмжээний орлого орж ирнэ гэж ойлгож болно. Оюутолгойн төсөл анх эхлэхэд эдийн засагт ямар том хаялгатай байсныг бид мэдэрсэн шүү дээ. Эдийн засаг нь жилийн 17 хувиар өсч, 10 хүрэхгүй жилийн дотор бараг хүн болгон машинтай болсон, өчнөөн олон барилга баригдсан. Зөвхөн Оюутолгой биш, Тавантолгой, хориглоод байсан “Урт нэртэй” хуулийн нөлөөгөөр бий болсон том, жижиг уурхайнууд нийлээд эдийн засгийг 17 хувиар өсгөсөн л дөө. Гэтэл багахан амжилтдаа хөөрөөд бүгд л байгаль хамгаалагч болчихсон. Эцсийн дүндээ тэр олон уурхайгаа сүүлийн хэдхэн жилийн дотор зогсоочихлоо ш дээ. Одоо тэгээд хэндээ гомдох юм бэ. Энэ хүнээс л боллоо гэж хэн нэгэн рүү заах боломжгүй. Бид бүгдээрээ л ямар нэгэн байдлаар оролцсон. Гаднын хэн нэгэн ирээд үүнийгээ ингэ, тэрийгээ тэг гэж хэлээгүй. Өнөөдрийн хямралын 60-70 хувийг монголчууд бид өөрсдөө бүтээсэн. Мөнхийн рашааны эрэг дээр очоод суучихсан юм шиг л загнасныхаа горыг одоо амсч байна.”

Эх сурвалж: Ардын эрх сонин

 

С.В.Лавров, ОХУ-ын Гадаад хэргийн сайд

“Цаашид зээлийн харилцааг хөгжүүлэх талаар эрх зүй саадгүй болсон. Тиймээс зээлийн асуудлыг хоёр орны Төв банкуудтай хамтарч хэлэлцэж байна. Зээлийн нөхцөл хоёр талд харилцан ашигтай байх ёстой гэж үзэж байгаа.”

Эх сурвалж: www.news.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна