Туркийн соёлын өдрүүд болно

2016 оны 4 сарын 19

Турк Улсын уламжлал, түүх, кино урлаг, хоол хүнс, боловсрол гээд соёлын өдрүүдийг Монгол Улсад гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Соёлын өдрүүдийг энэ жил дөрөвдүгээр сарын 22-29-ны өдрүүдэд зохион байгуулахаар товложээ. Энэ жилийн хувьд соёлын өдрүүдэд сурагчдын гар зураг, бүтээлийн уралдаан, асрамжийн хүүхдүүдтэй уулзах, кино долоо хоног, хоёр улсын хотын дарга нарын уулзалт, хурал, дуу, хөгжмийн тоглолт, боловсролын талаарх лекц гээд олон төрлийн үйл явдал голлосон талаар Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз онцолж байлаа.

Энэ жилийн хувьд соёлын өдрүүдийн хүрээнд Истанбул хотын засаг дарга Кадыр Тапбаш энэ сарын 24-нд Монгол Улсад айлчлах юм байна. Ингээд 24-26-ны өдрүүдэд соёлын өдрүүдийн арга хэмжээнд оролцохоор товложээ.

Соёлын арга хэмжээ ирэх баасан гаригт Элчин сайд Мурат Карагөз нийслэлийн тавдугаар сургуулийн сурагчдыг хүлээж авч уулзсанаар эхлэх юм байна. Мөн энэ өдөр Урлан бүтээх төвийн сурагчдын баярын тоглолт, гар зураг, зохион бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол болох аж.

Харин бямба гаригт Олон улсын хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан “Өнөр бүл” асрамжийн газрын хүүхдүүтэй уулзах юм байна. Мөн ирэх бямба гаригаас эхлэн долоо хоногийн хугацаанд “Туркийн кино долоо хоног” “Тэнгис” кино театрт 19-21 цагийн хооронд үргэлжилнэ. Туркийн кино долоо хоногийн хүрээнд Дарданелийн хоолойн тулалдааны 101 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “The water Diviner” киног ирэх ням гаригт 17-19 цагийн хооронд Тэнгис кино театрт толилуулахаар болжээ.

Харин ирэх даваа гаригт Чойжинламын хийдийн урд талд Дарданелийн хоолойн тулалдаанд амь үрэгдсэн анзак цэргүүдэд хүндэтгэл үзүүлэх юм байна. Мөн энэ сарын 26-29-ны өдрүүдэд Туркийн алдарт дуучин Серап Чифтчи Монгол Улсад тоглолт хийхээс гадна мастер хичээл заахаар болжээ. Тухайлбал, энэ сарын 26-нд  11-12 цагийн хооронд Соёл урлагийн их сургуульд, 28-нд Хөгжим бүжгийн сургуульд 10-11 цагт дуурийн дуучин Серап Чифтчи мастер хичээл заах аж. Ингээд Серап Чифтчигийн тоглолт энэ сарын 29-ны 19.00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт болох юм.

Мөн соёлын өдрүүдийн хүрээнд Туркийн элчин сайд Мурат Карагөз Монгол Улсын их сургуульд лекц уншихаар товложээ. Ингээд Туркийн соёлын өдрүүдийн арга хэмжээ энэ сарын 29-нд өндөрлөх юм байна.

Дашрамд дуулгахад, Турк Улсын Засгийн газрын тэтгэлгээр 1990 оноос хойш монгол оюутнууд суралцдаг болсон. Энэ жил л гэхэд Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахаар 560 хүн хүсэлт гаргажээ. Ер нь монгол оюутнууд Турк Улсад нийгэм, байгалийн ухаан, инженер гээд бүх салбарт түлхүү суралцдаг байна. Одоогийн байдлаар Турк Улсад 900 монгол оюутан суралцаж байгаагийн тал хувь нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагджээ.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна