ЭМД-ын сангаас мөнгө гаргана

2016 оны 4 сарын 19

Эрүүл мэндийн даатгалын сангаас 453.9 сая төгрөг гаргаж, Улаанбурхан өвчнөөр өвчилсөн өвчтнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай эм, тариаг худалдан авахаар болсноо өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдэгдлээ. Улаанбурхны халдварын эсрэг, дархлаа сайжруулах, өвчин намдаах зэрэг үйлчилгээтэй Албумин, Вантаксин, Ванкомицин, Будисол, Нобивент плюс, Иммуноглобулин Ж, Виферон лаа гэсэн долоон төрлийн эм, тариа Халдварт өвчин судлалын үндэсний төвд тасарч, иргэд өөрсдөө мөнгө гаргаж, гаднаас худалдан авч буй. Дээрх эм, тариа нь өртөг өндөртэй, 150-260 мянган төгрөгийн хооронд эмийн сангуудаар борлуулагддаг учир иргэнд хүнд тусна. Өвчин намдаах Виферон лаагаас бусад нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй авах эм, тарианы жагсаалтад ороогүй. Иймээс ЭМД-ын сангаас хөрөнгө босгож, Эрүүл мэнд, Спортын сайдын багц руу шилжүүлэн өгч, тасарсан эдгээр эм, тариаг хэвийн олгохоор болж байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас гарч буй 453.9 сая төгрөг бол дээрх долоон төрлийн эм, тарианы гурван сарын хэрэглээг авч хүрнэ. Цаашид улаанбурхны халдварыг эмчлэхэд шаардагдах хөрөнгийг тухайн үед шууд шийдээд явна гэж С.Эрдэнэ сайд мэдээллээ. Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Ерөнхий сайдын гаргасан 0-1 нэг нас хүртэлх хүүхэдтэй ээжүүдэд цалинтай чөлөө олгож, ажлаас нь чөлөөлөх зөвлөмж, чиглэлийг Хөдөлмөрийн яам эцэслэн шийдвэл дэмжиж ажиллана гэдгээ салбарын сайд нь мэдэгдсэн юм. Он гарсаар улаанбурхны халдварыг даалгүй ХӨСҮТ-д 18, орон нутгийн эмнэлгүүдэд 41 нийт 59 хүүхэд эндсэн. Харин улаанбурхны халдвараар өвдсөн өвчтний ихэнх нь бага насны хүүхдүүд байгаа юм. Тэдний 80 хувь нь хөхний сүүгээр хоололдоггүй бор хоолонд орсон, дархлаа султай хүүхдүүд байжээ. 

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна