Гурван сая юанийн авлигад цаазын ял онооно

2016 оны 4 сарын 19

Хятадад гурван сая юань болон түүнээс их хэмжээний мөнгөн дүнтэй авлигын хэрэгт цаазаар авах ял оноодог болох гэнэ. Хятадын Ардын дээд шүүх болон үндэсний прокурорын газраас “хэрэгтэн нь улс болон ард түмний ашиг сонирхолд онц их хэмжээний хор хохирол учруулж, нийгмийн дургүйцлийг төрүүлсэн бол цаазаар авах ял оноох болно” гэдгийг мэдэгджээ. Энд гурван сая юань болон түүнээс дээш мөнгөн дүнг онц их хэмжээний хохиролд тооцох аж.

Хятадын дарга Си Жинпин улсыг авлигаас цэвэрлэхийн тулд кампанит ажил өрнүүлж өнгөрсөн онд 300 мянга гаруй хүнд ял шийтгэл оноосон юм. Хятадад нам, засгийн өндөр албан тушаалтан, цэрэг армийн генерал, хурандаа, бизнесийн магнат хэнийг ч ялгалгүй авлигын хэрэгт мөрдөн шалгаж эхэлжээ. Өнгөрсөн онд Хятадын аюулгүй байдлын албаны экс дарга Жоу Юнкан авлигын хэргээр бүх насаараа шоронд хорих ял сонссон билээ.

Хятадад цаазын ялыг бүх насаар нь шоронд хорих болгож хөнгөрүүлэх нь элбэг байдаг. Тухайлбал, Хятадын төмөр замын экс сайд Лиу Зижунд 2013 онд 60 сая юанийн авлигын хэрэгт цаазын ял оноосныг өнгөрсөн онд бүх насаар нь хорих болгон өөрчилжээ.

Эх сурвалж: Agence France-Presse

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна