Нягтлан бодогчдын улсын олимпиад аваргаа тодрууллаа

2016 оны 4 сарын 19

Нягтлан бодох бүртгэлийн улсын 19 дүгээр олимпиад  Дархан хотноо амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадад “Мандах бүртгэл” дээд сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Санхүү, эдийн засгийн дээд сургууль, МУИС-ийн “Орхон” сургууль, “Улаанбаатар Эрдэм” их сургууль зэрэг 16 их, дээд сургуулийн нийт 80 гаруй оюутнууд оролцов.

Энэ жилийн олимпиад нь Монгол Улсын гавъяат  эдийн засагч, доктор Л.Дондогийн нэрэмжит  болсноороо онцлогтой. Мөн багийн дүнгээр тэргүүлсэн сургууль нь дараа жилийн олимпиадыг зохион явуулдаг уламжлалын дагуу энэ жил хөдөө орон нутагт анх удаа  “Мандах бүртгэл” дээд сургуулийн Дархан-Уул дахь салбар сургууль нь аймгийн ЗДТГ, ХААИС-тай хамтран зохион байгууллаа. Олимпиадад Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч Ц.Жигдэн, ММНБИ-ийн Хүндэт багш, Монгол Улсын Ардын багш Ж.Нямсүрэн, Монгол Улсын Гавьяат эдийн засагч, доктор профессор Р.Батжаргал зэрэг зочид хүрэлцэн ирж оюутнуудтай уулзалт хийн, үнэт сургаалаа хайрлав.

Олимпиад хоёр үе шаттайгаар хоёр өдөр үргэлжилж эхний өдөр онол, бодлоготой тест,  англи хэл зэрэг дөрвөн төрлөөр хувийн дүнгийн үзүүлэлтээр, хоёр дахь өдөр нь оролцогчид багаар ажиллаж 15 даалгаврыг гүйцэтгэлээ. Хувийн дүнгээр “Мандах бүртгэл” дээд сургуулийн Дархан-Уул дахь салбар сургуулийн оюутан А.Батдуулга тэргүүлж, Алтан медаль, нэг сая төгрөгийн эзэн болсон бол “Мандах бүртгэл” дээд сургуулийн оюутан Х.Соёл Мөнгөн медаль хүртэж, 700 мянган төгрөг, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн оюутан Э.Анарцэцэг Хүрэл медаль хүртэж, 500 мянган төгрөгөөр шагнууллаа.  Багийн дүнгээр 754.5 оноогоор Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 727 оноогоор “Мандах бүртгэл” дээд сургуулийн Дархан-Уул дахь салбар, 712 оноогоор “Мандах бүртгэл” дээд сургууль тус тус эхний гурван байрыг эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо. 

М.Гүнжилхам

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна