”Бид бялуу горилж очоогүй”

2016 оны 4 сарын 19

Сэтгүүлч:
Г.Дарь

УИХ дахь МАН-ын бүлэг 26 гишүүнтэй ч УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар нэмэгдэж 28-уулаа болох аж. МАН-ын Бага хурлаас тэдний намын гишүүнчлэлийг сэргээсэн тул УИХ дахь намын бүлгийн гишүүдийн тоо нэмэгдэх нөхцөл бүрдсэн байна. Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

МАН-д буцаж орсон шалтгаанаа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Намын удирдлагаас 2016 оны УИХ-ын сонгуульд хамтарч ажиллах санал тавьсан. Сонгогчдын дунд судалгаа хийж үзэхэд “Шийдвэр гаргах төвшинд бие даагчид цөөдөж байна” гэх санал өгсөн. Мөн УИХ-аас баталсан Сонгуулийн хууль нь бие даагчдад хатуу, сурталчилгааны хугацаа богино, ширүүн сонгууль болох төлөв ажиглагдаж эхэлсэн учраас хүчээ нэгтгэж орох нь зөв юм гэсэн шийдвэрт хүрч, МАН-ын удирдлагаас ирсэн саналыг хүлээж авсан. Гэхдээ үзэл бодол өөрчлөгдөхгүй. Зарим хэвлэл намайг бялуу гориллоо гэж бичсэн байна билээ. Засгийн газарт хамтарч байхад нь сайдын суудал горилж очоогүй, цөөнх байх үед нь улс эх орны эрх ашгийг нэгдүгээрт тавъя, сонгогчдынхоо эрх ашгийг хангах ёстой гэж үзэн, хуучин намынхаа гишүүнчлэлийг сэргээлээ”  гэж тодотгов.

МАН тэдэнд Бага хурлын гишүүн болгоод зогсохгүй Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллах боломжийг нээж өгчээ. Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт саналаа оруулсан байна. Тухайлбал, намын нэрсийн жагсаалтыг байхгүй болгоход нэгдмэл байр суурьтай байх. Энэ нам нь илүү их өр тавьсан гэж асуудалд хандахаас илүүтэй нэгэнтээ бий болчихсон өрийг ямар арга замаар төлөх вэ гэдэг аргачлалыг гаргах, ирэх дөрвөн жилд хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх хүрээнд “Монгол мал” хөтөлбөрийг эрчимжүүлэхэд анхаарах, хөдөөд орон сууцжуулах бодлогыг түлхүү хэрэгжүүлэх зэрэг саналууд нь дэмжлэг авч, мөрийн хөтөлбөрт тусгагдахаар болсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна