БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн дарга хатагтай Сумитра Махажан нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2016 оны 4 сарын 19

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга, Эрхэмсэг хатагтай Сумитра Махажан нар өнөөдөр /2016.04.19/ албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд урилгыг нь хүлээн авч Монгол Улсад айлчилж байгаад нь БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга, Эрхэмсэг хатагтай Сумитра Махажанд талархал илэрхийлж, Монгол Улсад тавтай зочлохыг ерөөгөөд Лок Сабхагийн даргын энэ удаагийн айлчлал нь хоёр улсын харилцааг 2015 онд “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж зарласнаас хойш хийгдэж буй анхны айлчлал болж буйгаараа онцлог болохыг тодотгголоо. Мөн тэрбээр хоёр талаас өндөр, дээд хэмжээний айлчлал зохих давтамжтайгаар хэрэгжиж ирснийг тэмдэглээд Лок Сабхагийн даргын айлчлал Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын хүрээнд хэрэгжиж байгаад баяртай байгааг илэрхийлэв.

БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга, Эрхэмсэг хатагтай Сумитра Махажан Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьж элэгсэг дотноор хүлээн авч буйд нь Улсын Их Хурлын дарга З.Энхболдод хариу талархал илэрхийлээд олон жилийн түүхэн уламжлалтай Энэтхэг, Монгол хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд улам өргөжин хамтын ажиллагааны шинэ хэлбэрээр баяжин хөгжиж байгаад сэтгэл нэн ханамжтай байдгаа тэмдэглэлээ. Мөн Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилсан нь хоёр талын харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой үйл явдал болсныг тэрбээр онцоллоо.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэлцээн дээр хэлсэн үгэндээ, түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын нийтлэг уламжлал, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах хоёр талын хамтын хүсэл эрмэлзэлд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд өнгөрсөн онд болсон Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үеэр Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүн анх удаагаа Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр орны найрсаг харилцаа соёл, боловсрол зэрэг уламжлалт салбараас гадна мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасныг онцлон тэмдэглэв. Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын чухал үр дүнгийн нэг болох БНЭУ-аас Монгол Улсад олгож буй 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурахаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Энэтхэг Улсад энэ сарын сүүлчээр айлчлал хийхээр төлөвлөж байгаа, түүнчлэн Улсын Их Хурал уг зээлийн хэлэлцээрийг энэ долоо хоногт хэлэлцэж гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоно гэдгийг дуулгасан юм.

Эрхэмсэг хатагтай Сумитра Махажан Энэхтэг, Монгол хоёр улс олон арван жилийн уламжлалт найрсаг харилцаатай явж ирсэн, түүхэн нийтлэг зүйл олонтой, өргөн уудам газар нутагтай орнууд. Тиймээс Энэтхэг Улс нь далайд гарцгүй Бутан, Балба, Монгол зэрэг орнуудыг дэмжихийг чухалчилдаг. Түүнчлэн Азид ардчиллын үлгэр дууриал болж байгаа Монгол Улсыг бүх талаар дэмжих нь манай гадаад бодлогын нэг гол чиглэл гэж үздэг юм. Монгол орон байгалийн асар их нөөц баялагтай, харин Энэтхэг Улс өндөр технологи бүхий хөгжилтэй орон. Иймээс хоёр орны энэ давуу талуудыг холбож чадвал хамтын ажиллагааны ихээхэн боломж, ирээдүй байна гэдгийг онцлов.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд хоёр улсын парламентын хооронд харилцан хэрэгжүүлсэн айлчлалууд нь хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд төдийгүй Монгол, Энэтхэгийн харилцаанд зохих ёсоор хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэхийн зэрэгцээ далайд гарцгүй орнуудыг дэмжих Энэтхэг Улсын бодлого чухал болохыг онцлоод Улаанбаатар хотод НҮБ-ын далайд гарцгүй орнуудын судалгааны төвийг байгуулахаар ажиллаж байгааг дуулгав.

Хэлэлцээний үеэр талууд хоёр орны улс төр, худалдаа эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх арга замын талаар хөндөж ярилцав.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улс Энэтхэг Улстай харилцан ашигтай, хоёр талын ашиг сонирхолд нийцсэн, тогтвортой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байгааг илэрхийлээд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ, оновчтой чиглэл, хэлбэрийг тодорхойлох, хувийн хэвшил хоорондын хэлхээ холбоог дэмжихэд Монгол-Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хороо чухал үүрэгтэй болохыг тэмдэглэлээ. Мөн Энэтхэг Улсын байр суурь, нөлөө дэлхий дахинд болон бүс нутагт улам өсөн нэмэгдэж байгаад баяр хүргээд Ази, номхон далайн бүс нутагт хамтдаа оршиж байгаа манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд бие биенээ харилцан дэмжиж, хамтарч ажиллаж ирсэн сайхан уламжлалтай, цаашид ч энэ уламжлалаа хадгалж, НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байдгийг тэмдэглээд энэ зун Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад энэтхэгийн талаас дээд түвшинд төлөөлөгч оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Хатагтай спикер Сумитра Махажан хоёр орны улс төр, худалдаа эдийн засаг, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааны тухайд Улсын Их Хурлын даргатай адил байр суурьтай байгаагаа хэлээд өргөн уудам газар нутагтай Энэтхэг Улсын хувьд сүүлийн жилүүдэд хөгжлийг орон нутагт авчирах санаачилга өрнүүлэн алслагдсан хязгаар нутгаа хөгжүүлэх бодлогыг чухалчилж байгаа, энэ нь асар уудам газар нутагтай, хүн ам цөөнтэй Монгол Улсад ач холбогдолтой байж болох юм гэлээ. Улсын Их Хурлын дарга З.Энхболд хатагтай спикерийн энэхүү саналыг дэмжиж буйгаа хэлээд энэ талаарх Энэтхэг Улсын үр дүнтэй арга туршлагаас суралцах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн хатагтай спикер Сумитра Махажан хоёр орны парламент хоорондын харилцааг улам өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа дурдаад Энэтхэгийн парламентын дэргэдэх судалгааны товчоо, Тамгын газрын туршлагаас суралцах боломжтойг онцоллоо. Түүнчлэн энэ зун Улаанбаатар хотод болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад Энэтхэгийн Гадаад хэргийн сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцоно гэдгийг дуулгаад олон улсын энэхүү нэр хүндтэй уулзалтыг эх орондоо зохион байгуулах гэж байгаа Монгол Улсад баяр хүргэж, амжилт хүслээ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын төгсгөлд “Эрхэмсэг хатагтай спикертэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын асуудлаар өргөн хүрээнд яриа хэлэлцээ явуулсандаа баяртай байна. Бидний яриа хэлэлцээ үр дүнтэй, амжилттай болсонд баяртай байна” гээд Энэтхэг Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь цаашид ч Монгол Улсын гадаад бодлогын нэг чухал хэсэг байх болно гэдгийг онцоллоо.

Хэлэлцээнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Д.Дэмбэрэл, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааын хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна