Ерөнхий сайд БНЭУ-ын Доод танхимын дарга Сумитра Махажанд бараалхав

2016 оны 4 сарын 19

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабхагийн дарга, хатагтай Сумитра Махажанд бараалхав.

Өнгөрсөн онд тохиосон Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үеэр Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүн Нарендра Моди манай улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын дүнд хоёр орны найрсаг харилцаа соёл, боловсрол зэрэг уламжлалт салбараас гадна мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гарсан гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцолсон юм.

Мөн хоёр орны хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн зарчмаар өргөжин, хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Монгол Улс Энэтхэг Улстай харилцан ашигтай, хоёр талын ашиг сонирхолд нийцсэн, тогтвортой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байгааг тодотголоо.

Цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, чиглэл, хэлбэрийг тодорхойлох, хувийн хэвшил хоорондын холбоо, хамтын ажиллагааг дэмжихэд Монгол-Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны үйл ажиллагаа чухал гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабхагийн дарга Сумитра Махажан тус улсаас Монгол Улсад айлчилж буй парламентын төлөөлөгчид олон намын төлөөллөөс бүрдсэн гэж танилцуулаад Энэтхэг, Монгол Улс хил залгаа хөрш биш боловч оюун санаа, соёл, шашнаараа холбоотой. Цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, мэдээлэл, технологийн хөгжилд хамтдаа урагшлах нь зүйтэй гэв. Мөн Энэтхэг улс хүн ам ихтэй ч тархан суурьшсан учраас орон нутгийг хөгжүүлэх бодлого баримталдаг. Монгол Улстай энэ чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгийг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна