Эмийн зардалд зориулан 453 сая төгрөг гаргахыг үүрэг болгов

2016 оны 4 сарын 19

Улаанбурхан өвчний дэгдэлтийн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт өгч, таслан зогсоох, халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Шуурхай ажлын хэсгийг Улсын онцгой комиссын дэргэд байгуулж ажлуулахаар боллоо. Мөн  Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг хүртлэх насны хүүхдийн эрүүл мэндэд хийх үзлэг, хяналтыг энэ оны 7 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд батлагдсан хуваарь, эцэг эхийн дуудлагын дагуу гэрээр зохион байгуулж, товлолын дархлаажуулалтыг долоо хоног бүрийн бямба гаригт шилжүүлэн зохион байгуулахыг Засгийн газраас үүрэгдэв.

Нэг хүртэлх насны хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх, эцэг, эхчүүдийн хүүхдээ гэрээр асрах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа 0-1 насны хүүхэдтэй эхчүүдэд  энэ 7 дугаар сарын 1-нийг хүртэл батлагдсан төсөвтөө багтаан Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага дээр нэмж 2 цагийн цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт үүрэг болголоо.

Улаанбурхан өвчний дэгдэлтийн үед ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтны илүү цагийн байгууллагын шатахуун, ариутгал, халдваргүйтгэлд зориулан 982 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж олгохоор болжээ. Улаанбурхан өвчнөөр өвчилсөн өвчтнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай эмийн зардалд зориулан 453,9 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах талаар салбарын сайдад  Засгийн газраас үүрэг болгосон байна.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна