Шоронжсон хууль болсон гэв

2016 оны 4 сарын 19

Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсон байна. Тэгвэл Эрүүгийн шинэ хуулийг  эмч мэргэжилтнүүд эсэргүүцэж, нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардан мэдээлэл хийлээ.

Эрүүгийн шинэ хуулийн15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хорих ял эдлэнэ” гэж заажээ. Тэгвэл Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний хорооны дарга Б.Мягмар үүнийг шүүмжилж,  “Монголын эрүүл мэндийн салбарт хүний төлөө зүтгэж байгаа эмч нарыг ихээр бухимдуулсан хуулийг баталсан. Өнөөдөр манай эмнэлгүүд улаан бурхан өвчний дэгдэлтийн улмаас маш их ачаалалтай ажиллаж байгаа.  Гэтэл ажиллах орчин нөхцөлдөө тохирохгүй хуулийг мөрдөх гэж байна.” хэмээн бухимдлаа илэрхийлэв.

  Засгийн газар, УИХ, Эрүүл мэнд, спортын яам, Хууль зүйн яам, холбогдох байнгын хороодод 10 мянган эмнэлгийн ажилтан мэргэжилтний гарын үсэг бүхий шаардлага хүргүүлэхээ дуулгав.

Хурлын үеэр “эрүүл мэндийн салбарыг  улс төржүүлж, сайд нь байнга солигддогоос болж өнөөдөр ийм амьдралд нийцэхгүй хууль батлагдаад байна. Хууль батлахад тухайн яамнаас ямар нэгэн хүндрүүлсэн ялыг багасгах, хөнгөлөх саналыг ч өгөлгүйгээр баталсаныг хууль санаачлагч нарын зүгээс хэлсэн. Түр хорооны зүгээс улс орон даяар хамтын тэмцэл зарласанаа мэдэгдэж байна” гэсэн юм.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн эрхлэгч Т.Ариунаа “Манай эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн үнэлэмж үнэхээр бага байна. Эмч болохын тулд 10-аад жил сурч байна. Нарийн мэргэжлийн эмч хүн 15 жил сурч байж, ажиллаж байна. Эмч хүн санаатай алдаа гаргана гэж байхгүй. Ялангуяа гэнэтийн осол гэмтлээр хүргэгдэж ирдэг өвчтөн бидний хамааралгүйгээр нас барж болно. Эмч хүн тэр хүнийг аврах гэж эмчилдэг учраас ард иргэд эмч нарын хооронд үл ойлголцох үүсгэхээр хууль гаргаж байна. Ойр дотны хүнээ алдсан иргэд биднээс шууд мөнгө нэхнэ. Бид өөрсдийгөө өмөөрч байгаа юм биш. Хариуцлага алдсан эмчийг шийтгэх хууль байгаа. Гэтэл хөдөлмөрийн хөлс, ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулж гаргаагүй байж өнөөдөр хорино, яллана, шийтгэнэ гэж  ярих нь буруу юм.” гэв

А.ЦЭЭСҮРЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна