Ц.Цолмон сайд хошууч генерал Б.Шагдарт хүндэтгэл үзүүлэв

2016 оны 4 сарын 19

Залуу, халуун насаа Зэвсэгт хүчинд зориулсан манай ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын нэг бол хошууч генерал Бадамын Шагдар гуай юм. Нас сүүдэр 70 дөхөж яваа түүнийг "Монголын генералуудын өдөр"-ийг тохиолдуулан УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв.

Ц.Цолмон: -Таны бие лагшин тунгалаг уу, таны биеийг жаахан базаахгүй байгаа талаар манайхан надад хэлж байсан. Одоо бол сайхан харагдаж байна?

Б.Шагдар: Өө, яах вэ. Ойрноос хүн амьтнаар түшүүлээд босмоглоод байдаг болсон. Даралт гэдэг чинь гэнэтийн зүйл юм. Сайд таныг намайг хүлээж авч уулзаж хүндэтгэл үзүүлнэ гэж бодож байсангүй. Биднийг тэтгэвэрт гарахаар тоох хүн байхгүй болчих юм байна шүү дээ.

Ц.Цолмон: Эмчилгээгээ тасралтгүй сайн хийлгэх хэрэгтэй дээ. Таны зүс царай сайхан харагдаж байна.

Б.Шагдар: За ашгүй дээ. Би өөрийг чинь ОХУ-д Элчин сайд байхад харж байсан. Тэгээд манай салбарын сайд болсоныг нь зурагтаар хараад тулхтай, дипломатч хүн ирлээ гэж баярлаж байлаа. Батлан хамгаалах салбарыг улс төрөөс ангид байлгаж, чиг шугамаа алддаггүй хүн удирдах ёстой. Энэ талаас нь нуруутай улс төрч иржээ гэж харж байна.

Ц.Цолмон: Та аль нутгийнх билээ. Зүүнбаянгийн цэргийн ангид дэслэгчээр очоод хурандаа болтлоо 20 гаруй жил ажилласан тухай сонсч байсан юм байна?

Б.Шагдар: Өмнөговь аймгийн Номгон сумынх. Зүүнбаянд чинь хүн бүр таньдаг болтлоо ажилласан даа. Дундуур нь гадагшаа сургуульд явсаныг эс тооцвол ч унаган иргэн болтлоо ажилласан байдаг юм. Тэр үеийн Зүүнбаянгийн цэргийн анги бол агуу том байлаа. Татагдаж ирсэн хугацаат цэрэг нь гэхэд 7000 байлаа шүү дээ.

Ц.Цолмон: Олон шавь, олон найз нөхөдтэй болжээ, тэгвэл та

Б.Шагдар: Тэгэлгүй яах вэ. Одоо ч надтай хамтарч ажиллаж байсан хүмүүс маань ихэнхи нь тэтгэвэрт гарсан байна. Хэдэн шавь нар хааяа нэг ярьж бие хаа асуудаг юм. Хошууч генерал Р.Сүхбат, бригадын генерал Б.Амгаланбаатар, хурандаа Х.Даваацэрэн нар хааяа манайд ирдэг юм. Гэртээ уйдаж суугаа надад цэргийнхэн ирэхээр их сайхан санагдана шүү бас. Ойрд манай салбарын багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байх шиг байна. Олон жилийн туршид дуншсан, салбартаа хүлээлттэй, шинэчлэн батлуулах шаардлагатай хуулиуд шүү.

Ц.Цолмон: УИХ-ын энэ пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Батлуулахын төлөө манай салбарынхан, байнгын хороодын гишүүд ажиллаж байна. Ямар ч байсан удахгүй батлагдлаа гэдэг сайхан мэдээг танд дуулгах болно оо.

Б.Шагдар: Сайн байна. Гэртээ өвчин яриад суухаас илүү салбарын үйл хэргийн төлөө та бүхэнтэй ярилцаж суухад сайхан байна. Манай залуус өвгөдийнхөө сургаалийг сайн сонсч байх хэрэгтэй" хэмээн цаг үеийн асуудал, салбарын хөгжил дэвшлийн талаар тэд дэлгэрэнгүй ярилцсан юм.

Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хошууч генерал Б.Шагдар гуайг урт удаан наслахыг хүсэн ерөөж, гарын бэлэг гардуулан өгсөн юм. 
Хошууч генерал Б.Шагдар 1970-1973 онд мотобуудлагын тусгай бригадад салааны дарга, 1973-1976 онд ротын дарга, 1976-1979 онд ЦЕДС-д тактикийн багш, 1979-1980 онд МАА-ийн 137 дугаар ангийн штабын дарга, 1983-1988 онд МАА-ийн 126 дугаар нэгтгэлийн штабын дарга, 1990-1991 онд тус нэгтгэлийн захирагч, 1991-2002 онд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч бөгөөд оперативын хэлтсийн дарга зэрэг салааны захирагчаас нэгтгэлийн дарга болтлоо зүтгэсэн цэргийн хар хүн юм. Түүний улс орныг батлан хамгаалах, зэвсэгт хүчнийг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 1992 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хошууч генерал цол хүртээжээ. Тэрээр Ардын их хурлын депатут, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан бөгөөд цэргийн ухааны доктор, профессор юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна