Багийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

2016 оны 4 сарын 19


Узбекстаны Ташкент хотноо болсон Ази тивийн  жүдо бөхийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн медаль, гаргасан амжилтаараа  манай Монголын баг тамирчид эхний 2-рт эрэмбэлэгдээд байна. Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид энэ удаагийн тэмцээнээс 4 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж, 5-р байрт 5 тамирчин шалгарсан амжилт гаргалаа.  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн Япон улсын баг тамирчип тэргүүлжээ. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнгөрөгч ням гаригт болсон багийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын эрэгтэй, эмэгтэй баг  хоюулаа мөнгөн медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн тивийн багийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч улсын багтай  Монголын шигшээ багийн тамирчид өрсөлдсөн юм. Үүгээр 4:1-ийн харьцаатай Узбекстан улсын баг тэргүүлж алтан медалийн эзэн болсон юм. Харин тэмцээний дараагаар Монголын жүдо бөх сонирхогчид шүүгчид хэт нэг талыг барин шүүж, ганцаарчилсан төрлөөс нэг ч алтан  медаль аваагүй тэмцээнийг зохион байгуулагч улс  Узбекстаны талд үйлчиллээ гэсэн санал сэтгэгдлийг нийгмийн сүлжээ сайтуудад нийтэлж байлаа. Эрэгтэйчүүдийн багийн хүрэл меадлийг Казакстан, Япон улсын баг хүртжээ. Эмэгтэйчүүдийн багийн Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөө шилдэг  тамирчид маань Япон улсын шигшээ багтай таарч мөнгөн медаль хүртсэн. Хүрэл медалийг Хятад, Казакстан улсын баг тамирчид хүртжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна