МАХН эвсэх үгүйгээ шийдэхийг МАН шаардав

2016 оны 4 сарын 19

МАН-ын намаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, МАХН-тэй эвсэх асуудлаар мэдээлэл хийлээ. Тус нам хэлэхдээ МАХН өмнө нь хийсэн тохиролцооноосоо буцах болсон тул эвсэх асуудал хүндэрч эхэлснийг дуулгав.  Тодруулбал, эвсэх асуудлаар хоёр нам өмнө нь ажлын хэсэг байгуулсан бөгөөд МАН-ын ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатар, МАХН-ын ажлын хэсгийг Ч.Улаан нар ахалж байгаа юм. Өчигдөр хоёр намын ажлын хэсгийн дарга нар хамтран 51:25 гэсэн хувилбараар УИХ-ын сонгуульд өрсөлдөх болсон талаар сэтгүүлчдэд мэдээлсэн. Мөн жагсаалтын эхний гуравт МАН-аас эрэмбэлэгдэх, дөрөвдүгээрт МАХН санал гаргах талаар тохиролцсон гэдгээ дуулгаж байв. Гэвч, нэг хоногийн дараа МАН, МАХН-ын ажлын хэсэг дэх тохиролцоо өөрчлөгдөж, эвсэх асуудалд хүндрэл гарсныг МАН-аас мэдээлж, МАХН-д хандан өнөөдрийн 16.00 цаг гэхэд “эвсэнэ, үгүй” гэсэн эцсийн хариугаа өгөхийг шаардлаа.  МАХН-аас МАН-аас гадна өөр бусад намуудтай эвсэх тухай яриа хийж эхэлсэн хэмээн МАН-ынхан мэдээлэв. МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдаж байгаа бөгөөд эндээс гарсан  шийдвэрийг МАН хэлэлцэхээр Бага хурлаа хуралдуулахаар товлосон цагаа хойшлуулаад байгаа юм.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна