Н.Энхбаяр Монголын төрөөр тоглож байна

2016 оны 4 сарын 19

Хоёр гуравхан жилийн өмнө хонь, чоно мэт явсан МАН, МАХН хоёр эвсэх дуулианаар  Хууль зүйн байнгын хороогоор  нэгэн тогтоолын төсөл чимээгүйхэн дэмжигдээд явсан нь “Ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан  өршөөл үзүүлэх тухай хуулиар 2015 оны  долдугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхээр ял шийтгэгдэж, үндсэн ялыг эдэлсэн, өршөөл уучлалд хамрагдсан хүний ялтайд тооцох хугацааг ямар гэмт хэрэгт холбогдсоноос үл хамааран уг хуулийн наймдугаар зүйлийн 6.1-д заасны дагуу өршөөн хэтрүүлсэн тул хувийн хэрэгт нь ял шийтгэлгүйд тооцсон тухай тэмдэглэгээ хийж нэг мөр хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгасугай” гэх тогтоолын төсөл. Энэхүү төсөл УИХ-аар дэмжигдсэн тохиолдолд Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацаа хэрэгсэхгүй болж мэдэхээр байгаа юм.

Өөрөөр хэлбэл,  энэхүү тогтоолын төслийг захиалагч нь Н.Энхбаяр,  харин  хэрэгжүүлэгч нь АН, МАН, МАХН уу? гэсэн асуулт эндээс тавигдаж байна. Сонгуульд л ялж байвал Н.Энхбаяр гэдэг хүний хувийн эрх ашгийн төлөө АН, МАН, МАХН зэрэг парламентад суудалтай намууд Монголын хууль тогтоомж, улсын эрх ашгийг уландаа гишгэхэд ер нь л  бэлэн байгаа шинжтэй дэг.   Чухамдаа АН, МАН ч адилхан Н.Энхбаярын “өшөөгөө авах”, өөрийнх  нь холын шуналыг гүйцээх алчуур төдийхөн болж байгаагаа анзаарч харахгүй байгаа нь даанч харамсалтай.

  Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2012 онд Н.Энхбаярыг анхан шатны шүүхээс  Эрүүгийн хуулийн 150.3 буюу хүнд гэмт хэрэг үйлдсэн, 263.2 буюу хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэдгээр яллаж, долоон жил  оноосон ч Хяналтын шатны шүүхээс үүнийг нь таван жил зургаан сар болгож, Өршөөлийн хуульд гурван жилийг нь хамруулснаар хоёр жил зургаан сарын ялаа биеэр эдлэхээр болсон.

Харин 2013 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Н.Энхбаярыг эдлээгүй үлдсэн ялаас нь чөлөөлсөн байдаг.  Гэхдээ түүнийг ялтайд тооцох хугацаа хэвээрээ, ирэх 2017 оны наймдугаар сард дуусгавар болно гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлж буй. Гэтэл сонгуулиар барьцаалж, Н.Энхбаяр өөрийнхөө ялтайд тооцох хугацааг хэрэгсэхгүй болгохын тулд АН, МАН хоёрыг адилхан ашиглахаар шийдсэн нь   сохор хүн ч олж харахаар ойлгомжтой байна. Уг тогтоолын төслийг УИХ-аар дэмжигдэн гарах хүртэл МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-тай эвсэнэ ч гэхгүй, эвсэхгүй ч гэхгүй байгаа нь цаанаа хугацаа авч, ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн адгийн арга заль нь байж болох талтай.  Хэрэв  МАН-тай эвсэнэ гэвэл АН энэхүү тогтоолын төслийг дэмжихгүй гэдгийг Н.Энхбаяр дэндүү сайн тооцоолсон байж таараа.  Тиймээс дээрх тогтоолын төслийг УИХ-аар батлуулахын тулд  МАН-тай хийсэн өчигдрийнхөө тохиролцооноос МАХН өнөөдөр яаж мэлзэж, бултаж суугааг  хар л даа. Өчигдөрхөн 51:25 харьцаатайгаар МАН-тай сонгуульд эвсэнэ хэмээн Ч.Улаанаар хэлүүлчихээд өнөөдөр өөр намтай эвсэх, нэгдэх тухай яриад сууж байгаа нь Н.Энхбаярын хувьд гэм биш зан. МАН-ыг өлхөн хуурах, хулхидах нь түүний хувьд том асуудал биш. Тэгээд ч өөрийг нь өшиглөөд гаргах үед өвөрлөсөн өс нь хэвээрээ байгаа хүн шүү дээ. Үүнийгээ ч нуулгүй, "Өшөөгөө авна" гэдгээ өөрөө ил цагаан зарлачихсан юм даг.

 Тэгвэл МАН-ын хувьд  эвсч нэгдсэн хойноо Н.Энхбаярын элэг доог бололгүй, эртхэн тарыг нь таньсан нь яамай даа.   Н.Энхбаярын  улс төрийн золиос нь энэ удаад МАН болоод өнгөрлөө, харин дараагийн удаад АН болбол гайхах ч хэрэггүй байх.  Өөрийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө тахиа донгодохоос өмнө гурвантаа урваж чадах хүн. АН, МАН-ыг битгий хэл  төр улсаа самрах нь түүний хувьд юу ч биш. Тэр ердөө ийм л характертай, ийм аюултай хүн.

Н.Энхбаярын атганд орж,   албан тушаалд хүрэх гишгүүр нь болоод яваагаа ухаарахгүй  АН, МАН гэж адилхан дүүрчихсэн тэнэгүүд юм даа. “Батгана суусан газар өттэй, бадарчин суусан газар балагтай” гэсэн үг бий. Энэ үг Н.Энхбаярт илүү гоё зохих болов уу?

   Монголд салхилахаар ирэх болгондоо Монгол төрийг самраад буцдаг нь  Н.Энхбаярын хувьд хэвийн үзэгдэл болсон.  Өнөөдөр Эрүүл, мэнд спортын сайдын асуудлаа шийдэж чадахгүй Ч.Сайханбилэг дүлэгнэж суугаа нь Н.Энхбаярын хийж байгаа улстөр шүү дээ. Улаанбурхан өвчнөөр Монголын хүүхдүүд амиа алдах нь Н.Энхбаярын эрх ашгийн дэргэд бол жижигхэн асуудал юм байгаа биз. Ингээгүй бол Монголын эрүүл мэндийн салбараар Н.Энхбаяр барьцаалах шаардлага бий гэж үү. Чухамдаа бол Н.Энхбаяр  Монголын эрүүл мэндийн салбараар удаа дараа тоглоод дууслаа гэж хэлэхэд буруудахгүй. Учир нь Н.Удвал сайд байхдаа Н.Энхбаяр гэгч хоригдлын эрүүл мэндэд л  ганцхан санаа зовдог байсан. Тэгвэл Г.Шийлэгдамба Н.Энхбаярын намд хандив цуглуулах гэж авлига авч байгаад газар дээрээ баригдсан хүн.  Н.Энхбаяр Монголын ирээдүй, үр хүүхэд, монголчуудын эрүүл мэндээр барьцаалсан ийм муухай улс төр хийхдээ эмзэглэж байгаа ч юм алга. Түүний Шадар болж Ч.Сайханбилэгийн танхимд орж ирэх гэсэн шуналаас үүдэлтэйгээр энэ салбарт эмгэнэл ямархуу байдлаар нүүрлэсний хариуг иргэд мах, цус нулимсаараа төлж байна.

Ийм хүнээр төрөө самруулж, албан тушаалынх нь алчуур болж яваагаа ухаарахгүй АН, МАН гэж адилхан дүүрчихсэн тэнэгүүд юм даа. “Батгана суусан газар өттэй, бадарчин суусан газар балагтай” гэсэн үг бий. Энэ үг Н.Энхбаярт илүү гоё зохих болов уу?

 Ж.ЭРХЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна