Э.Эрдэнэжамьяан МАН-аас нухацтай шийдэхийг хүсэв

2016 оны 4 сарын 19

МАН болон МАХН-ынхан дор бүрнээ хуралдаж байна. Хоёр намын нэгдэх асуудлаар өчигдөр Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар мэдээлэл хийж, урьдчилсан байдлаар 51:26 гэсэн тоон дээр тогтож байгааг мэдээлсэн юм. Тэгвэл өнөөдөр хоёр намын эвсэх асуудал явцгүй болж ирлээ. Учир нь Ч.Хүрэлбаатар гишүүн үдээс хойш хэвлэлийн хурал зарлаж шаардлага биелүүлэхгүй бол тохиролцоогоо цуцална гэж МАХН-ынханд сануулга өглөө. Харин үүний хариуд МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамьяан өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан “МАХН-ын Бага чуулган хуралдаж байна. Үдээс өмнө Хөгжлийн хувьсгал мөрийн хөтөлбөрийг хэлэлцсэн ба түр завсарлаад одоо дахин хуралдах гэж байна. Үдээс хойш МАН-тай эвсэх эсэх асуудлаар хийсэн Ажлын хэсгийн мэдээллийг сонсож шийдвэр гаргах учиртай. МАН-ын Бага хурал ч мөн адил ямар нэг шийдвэр гаргаагүй мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж байгаа сурагтай. Намууд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хамтын ажиллагааныхаа талаар нухацтай шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” хэмээн бичжээ.

Дашрамд дуулгахад МАХН-ын Бага чуулган яг одооноос эхэлж нээлттэй горимд шилжиж байгаа тул хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх боломжтой аж.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна