Ханбогдын залуус Монголын төдийгүй Австралийн мэргэжлийн үнэмлэхтэй боллоо

2016 оны 4 сарын 19

Дорнод политехник коллеж Австралийн Квинслэнд мужийн Скиллтек коллеж, “Субутай Майнинг Сервисез” компанитай хамтран хэрэгжүүлсэн Мэргэжил олгох хөтөлбөрийн хаалтын ёслол энэ сарын 13-нд Өмнөговь аймгийн Ханбогд суманд болж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцлоо.

“Оюутолгой” ХХК-ийн санаачилгаар хэрэгжүүлсэн энэхүү хөтөлбөрийн үр дүнд Ханбогд сумын 21 иргэн хөдөлмөрийн зах зээлд ялангуяа уул уурхайн салбарт нэн хэрэгцээтэй цахилгаан, гагнуур, механикийн мэргэжлээр зургаан сарын хугацаанд нарийвчилсан сургалтанд хамрагдсан юм. Тэдгээр залууст онол дадлага хосолсон сургалтаар олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний ур чадвар эзэмшсэнийг гэрчлэх Монгол болон Австралийн мэргэжлийн үнэмлэхийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан болон хөтөлбөрийг хэрэгжүүлсэн багийнхан гардууллаа.  

Мэргэжлийн үнэмлэх гардуулах үеэр Г.Баярсайхан сайд төгсөгчдөд баяр хүргэж хэлсэн үгэндээ эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох уул уурхайн салбарт хэрэгжсэн энэхүү хөтөлбөр манай улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт дэлхийд тэргүүлэгч Австрали улсын стандартыг нэвтрүүлэх, Монгол Улсад нутагшуулах чиглэлээр олон ажил хийж, тодорхой үр дүнд хүрч буйн эхлэл болж буй бөгөөд багш суралцагчид нь зэрэг хөгжсөн олон улсын стандартад нийцсэн анхдагч төсөл  төдийгүй төр болон хувийн хэвшлийн түншлэлийн  сайн жишээ болж буйг онцлоод “Өнөөдөр энэхүү төсөлд оролцсон бүх талын хувьд чухал өдөр болж байна. “Оюутолгой” компани болон түүний хамтран ажиллагч байгууллагуудын хүчин чармайлтын дүнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Австралийн гэрчилгээтэй мэргэжилтнүүд бий болж байна. Монголын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт чухал ач холбогдолтой энэ хөтөлбөрийн хүрээнд бий болсон сайн туршлагуудыг бид бусад сургуулиуддаа нэвтрүүлэх замаар зөвхөн нэг сургууль биш нийт Монгол Улсын мэргэжлийн сургуулиуд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын үйлчилгээ үзүүлдэг болгохыг зорих болно. Энэ хөтөлбөрөөр мэргэжил, ур чадвар эзэмшсэн залуус эзэмшсэн мэргэжлээрээ ажилтай орлоготой болж, орон нутгийнхаа цаашлаад улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах сайн мэргэжилтнүүд болсон гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

Монгол Улсын Засгийн газраас мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг хөгжлийн шинэ түвшинд гаргахад ихээхэн анхаарал тавьж буй бөгөөд энэ хүрээнд гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчнийг орчин үеийн хандлагад нийцүүлэхэд чиглэсэн олон ажлыг хийж буй юм. “Оюутолгой” ХХК сүүлийн жилүүдэд Монголын мэргэжлийн боловсрол сургалтын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр бодитой хөрөнгө оруулалт хийж олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Тэдгээрийн нэг нь “Гурван Д” хөтөлбөр юм. Уг хөтөлбөрт уул уурхай, эрчим хүчний салбарт мэргэжилтэн бэлтгэдэг Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллеж, Дорнод аймаг дахь Политехник коллеж болон Өмнөговь аймгийн Даланзадгад политехник коллежийг хамруулан сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, барилга байшинг нь засварлах, суралцагчдыг нь дадлага хийх нөхцөл бололцоогоор хангахад чиглэсэн олон ажлыг хийсэн байна. Энэ удаагийн Мэргэжил олгох хөтөлбөр ч дээрх “Гурван Д” хөтөлбөртэй холбоотой хэрэгжсэн.

“Оюутолгой” ХХК-ийн боловсон хүчин, бүтэц, зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер Майкл Гавин мэргэжил олгох хөтөлбөрийн бүх оролцогчдод талархал дэвшүүлээд “Хөтөлбөрт хамрагдсан суралцагчид олон улсын түвшний мэдлэг, ур чадвар эзэмшлээ. “Оюутолгой” компанийн үйл ажиллагааны нэг чиглэл бол сургалт, ур чадварыг нутагшуулах явдал бөгөөд боловсролын чиглэлээр бидний түншүүдтэйгээ хамтран хэрэгжүүлж буй олон арга хэмжээний нэг нь энэхүү сургалт юм. Сургалтын энэ мэт олон хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бид өөрийн тавьсан зорилго, хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ орон нутагтай урт хугацааны тогтвортой түншлэлийг бэхжүүлж байна” гэж дүгнэн хэллээ.

Мэргэжил олгох хөтөлбөрт хамрагдсан залуусыг хэрхэн яаж шалгаруулсныг төсөл хэрэгжүүлэгч Дорнод политехник коллежийн захирал Д.Энхжаргалаас тодруулахад “Анх бид ийм хөтөлбөр эхлүүлж буйгаа зарлахад орон нутгаас янз бүрийн боловсрол, мэргэжилтэй 60 гаруй залуус бүртгүүлсэн. Бүртгүүлсэн залуусаас ерөнхий суурь мэдлэгийн шалгалт авч элсүүлсэн бөгөөд тавьсан ганц шалгуур маань Ханбогд сумын иргэн байх. Шалгалтад тэнцсэн хүмүүс зургаан сарын турш онолын болон дадлагын сургалтад хамрагдаад өнөөдөр төгсч байна. Тэдэнд манай Дорнод политехник коллежийн багш нараас гадна Австралийн олон улсад магадлан итгэмжлэгдсэн Скиллтек коллежийн багш нар хичээл заасан” хэмээсэн.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн нэг “Субутай Майнинг Сервисез” компанийн захирал Х.Батхуягт “Австралийн мэргэжлийн сургалтын тогтолцоог Монголд нутагшуулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинэ технологи ноу хауг оруулж ирэхэд түлхэц өгсөн энэ хөтөлбөрийн үр дүнд ажил олгогчид баталгаажсан ур чадвартай техникийн ажилтнуудаар хангагдаж буй юм. Хамгийн гол нь энэ хөтөлбөрөөр бид багш нараа Австралийн мэргэжлийн сургалтын стандартад нийцүүлэн бэлгэж гэрчилгээжүүлсэн. Суралцагчдын хувьд Монголын мэргэжлийн үнэмлэхээс гадна Австралийн мэргэжлийн зэргийн хоёрдугаар түвшний гэрчилгээг давхар авч буй нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ур чадьартай болсныг гэрчилж буй юм” хэмээн сургалтын талаар товч танилцуулсан.

Мэргэжил олгох хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн  “Субутай Майнинг Сервисез” компанид мэргэжлийн боловсрол сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгосныг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан энэ үеэр гардуулсан. Ингэснээр эх орны минь өмнөд хязгаар Ханбогд сум Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй болох боломж бүрдэж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна