АНУ-аас манай улсад энхийг дэмжих ажиллагаанд ашиглах зориулалттай автомашин өглөө

2016 оны 4 сарын 19

Монгол, АНУ-ын Батлан хамгаалах яам хоорондын хамтын ажиллагаа өргөжин бэхжсээр байна. Өнөөдөр хамтын ажиллагааны үргэлжлэл болж АНУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар энхийг дэмжих ажиллагааны зориулалттай 30 гаруй автомашин гардуулах ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, манай улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Матью Кент болон БХЯ, ЗХЖШ-ын газар, хэлтсийн дарга нар, Зэвсэгт хүчний ангийн удирдлага, Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүн оролцлоо.

Ёслолын ажиллагааг нээж Элчин сайд Женифер Зимдал Галт "Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй Ирак, Афганистан улсад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд үүргээ амжилттай гүйцэтгэж байсан юм. 2014 онд АНУ-ын Батлан хамгаалахын сайд манай улсад ажлын айлчлал хийж, хоёр орны Батлан хамгаалах яам хооронд хэлэлцээр байгуулснаар энэхүү хамтын ажиллагаа маань улам бэхжиж, өргөжиж, цар хүрээгээ тэлсээр байна. АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2015 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалд долоон тэрбум төгрөгийн барилгын шинэчлэл, засварыг гүйцэтгүүлсэн бол энхийг дэмжих ажиллагааны зориулалттай 30 гаруй Вранглер жийпийг хүлээлгэн өгсөн. Энэ удаа дахин энхийг дэмжих ажиллагаанд зориулаттай автомашин гардуулж байгаадаа баяртай байна" гээд жийп автомашины түлхүүрийг ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалайд гардуулан өгсөн юм. 

Бат Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан "Монгол Улс, АНУ хоёрын хамтын ажиллагааны чухал суурийг батлан хамгаалах салбар эзэлдэгийг онцлох ёстой. Манай хоёр улсын нийтлэг эрх ашиг, ард түмнүүдийн найрсаг хамтын ажиллагаанд тулгуурлан 1991 оноос хойш хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг бэхжүүлэх, цэргийн мэргэжлийн боловсон хүчнийг сургах чиглэлээр өргөн хэмжээнд хөгжиж байгаа. 2015 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалд долоон тэрбум төгрөгийн барилгын шинэчлэл, засварыг гүйцэтгүүлсэн бол энхийг дэмжих ажиллагааны зориулалттай 30 гаруй Вранглер жийпийг хүлээлгэн өгсөн. Тусламжаар ирсэн автомашинуудыг энхийг дэмжих ажиллагаандаа зориулалтын дагуу хэрэглэж байгаа бөгөөд энхийг сахиулагч цэрэг эрчүүдийн маань ажилд тусалсан чин сэтгэлийн тусламж байлаа. 2016 он гарсаар хоёр улсын Батлан хамгаалах яам хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлж өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээнд 30 гаруй Ланд круйзер жийп автомашиныг хүлээлгэн өгч байгаад тань талархаж байна. Дэлхийн халуун цэгт үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн болоод одоо ч үүргээ гүйцэтгэсээр буй дайчдынхаа болон Монгол Улсын Зэвсэгт хүчний нэрийн өмнөөс АНУ-ын ард түмэнд дахин талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" хэмээн онцолж байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна