Н.Энхбаярын муу санаа

2016 оны 4 сарын 19

Яг энэ цаг мөчид МАН-ын Бага хурал, МАХН-ын Бага чуулган ээлжит бус хуралдаануудаа хийж байна. Тус хоёр намын шийдвэр гаргах түвшний уг хурлаас ирэх сонгуульд эвсэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

    Ямар ч байсан одоогийн байдлаар хоёр намын хэсгүүд ирэх 2016 оны сонгуульд бүх шатандаа эвсэж оролцохоор тохиролцсон. Товчоор хэлбэл МАН-ынхан МАХН-ынханд боломж олгосон хэрэг. Ажлын хэсэг дээр одоогийн байдлаар 51:25 гэсэн харьцаатай тохироог өрнүүлээд байгаа. Тэгвэл Н.Энхбаярын хувьд МАН-тай эвсэх эсэх асуудал нь чухал биш харин үүгээр дамжуулж АН-ын шантаажилж өөрийнхөө ялтай гэх тэмдэглэлийг арилгаж, өршөөгдөх явдал байсан гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Өөрөөр хэлбэл МАН-тай эвсэнэ гэж сайхан инээмсэглэх зуураа АН-д шахалт үзүүлж  байгаад Ц.Оюунбаатараар "Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах тухай тогтоолын төсөл"-ийг өргөн мэдүүлж дэмжүүлсэн юм.

    МАН-МАХН-ын эвсэл хамгийн хүндээр тусах нам нь Ардчилсан нам юм. Тийм ч учраас Н.Энхбаяр тэдний сул талыг ашиглаж сонгуульд МАН-тай эвсэл болно гэж айлгаж байгаа аж. Уг нь МАН-аас Н.Энхбаярын намд хандаж татгалзах аргагүй санал тавьсан. Тодруулбал, тойрогт 25 гишүүнийг нь нэр дэвшүүлнэ, намын нэрийн жагсаалтад 10 гишүүнийг нь бичнэ гэх зэрэг тохироог хийсэн. МАХН-ынхан өнгөрсөн сонгуульд МҮАН-тай эвсэл болж оролцоод найман хүн нь УИХ-д сонгогдсон. Тэгвэл энэ удаад МАН-тай хамтарч оролцвол үүнээс илүү хүн сонгогдох бүрэн боломжтой. Дээрээс нь МАН гэх нэгдсэн нөмрөг дор явсан тэдэнд орж ирэх санал автоматаар нэмэгдэх нь тодорхой байлаа. Мөн эх сурвалжуудын мэдээлж буйгаар сонгуульд хамтарч оролцоод ялалт байгуулсан тохиолдолд Н.Энхбаярт УИХ-ын даргын суудлыг хүртэл амласан гэдэг.  Гэвч энэ бүх итгэлийг нь үгүйсгэж МАХН-ын дарга хувийн ашиг хонжоог харч яваа бололтой. Хэрэв АН-ынхан зөв харж инээж, буруу харж уйлж байгаад ялтай гэдэг тодотголыг нь хусаад өгвөл тэр эвсэл гэх яриаг үгүй хийж АН-ын талд дахин үйлчлэх нь тодорхой.

Г.Ариун

Эх сурвалж: http://etoim.mn/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна